Баруун бүсийн их дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд зохион байгуулдаг “Универсиад-2018” XXI их наадамд ХИС-ийн баг тамирчид амжилттай оролцон тэргүүн байр эзэлж, “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ” хүртсэн билээ. Спорт, урлагийн их наадамд амжилттай оролцоод ирсэн шилдэг баг тамирчдаа ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор, проф Б.Нямдорж, СБТЭ дэд захирал, доктор Д.Өнөрнасан нар хүлээж авч уулзан баяр хүргэж, цаашдын сурлага, урлаг, спортод нь амжилт хүслээ.
Энэ үеэр ОУХМ, багийн ахлах дасгалжуулагч Д.Баярболд тамирчдынхаа үзүүлсэн амжилтуудаас танилцуулсан юм. Энэ удаагийн универсиад наадамд оролцсон 7 их сургуулийн тамирчдаас хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар ХИС-ийн БАБ-ын 2 курсын оюутан О.Эрдэнэхишиг тодорсон байна. Түүний хувьд модон бөмбөгийн ганцаарчилсан болон багийн төрөлд, ширээний теннисний холимог болон хосын төрөлд амжилттай оролцож, 4 медалийн эзэн болсон амжилттайгаар XXI-р их наадмыг хошуучилжээ. Мөн бусад тамирчид сагсан бөмбөг, модон бөмбөг, үндэсний бөх, ширээний теннис, гоцлол бүжиг, бие биелгээ, язгуур урлаг, оюутан мисс, эрдэм шинжилгээний хурлын төрөлд бүгд медаль хүртсэн гэдгийг багийн ахлах дасгалжуулагч онцоллоо.
“Универсиад” оюутны урлаг, спортын их наадам 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдсан. Харин ХИС-ийн баг тамирчид тус наадамд 21 удаа оролцож, 16 удаад нь “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ” хүртсэн түүхэн амжилтыг үзүүлээд байгаа юм.