Атрын аяны араас матрын нулимс унагамгүй

Image result for Хаврын тариалалт ХОВД

Монголчууд бид тун ч уужуухан улс. Мах гурилтайгаа байхад хэр баргийн хямралд хөл алдаж сандраад байхгүй. Шилжилтийн гэх он жилүүдэд тариа буудайгаа тарьж ургуулж чадахаа больж, пургисан хятад гурил, буцалгаад болдоггүй цагаан төмсөөр өл залгуулмар аядаж нэг үе тун их ядарсан. Харин Атрын 3-р аяны үр дүнд арвай буудайгаа дотоодоосоо хангаж, төмс ногоогоо өөрсдөө тарих болж хүнсний аюулгүй байдлаа бататгаад авсан нь талархууштай.

Түүхэндээ Монгол улс атар газрыг эзэмшиж, газар тариаланг хөгжүүлэх замаар хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангах, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх, эдийн засгийн хөгжлийг хурдасгах шаардлагын дагуу атрын гурван ч удаагийн аян өрнүүлжээ. Атрын анхны аяныг явуулах тогтоолыг тэртээ 1959 оны 3 дугаар сард МАХН-ын Төв Хорооны 3-р бүгд хурлаас гаргасан бол хоёр дахь аян 1976 оноос өрнөжээ. Сүүлд Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоолоор “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийг баталсан. Атрын гурав дахь аяны үндсэн зорилго нь хөрсний үржил шимийг хамгаалж, нөхөн сэргээх, үр сортын болон техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, импортыг орлох, экспортын чиг баримжаатай газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэж байв. Үүний ачаар тавьсан зорилтоо биелүүлж, газар тариалангийн салбарт гайхалтай хөгжлийг авчирч чадсан юм. 2008 оноос хойш 391 мянгаас 518 мянган тн үр тариа хураан авч үсрэнгүй амжилт тогтоов.

Related image

Харин 2015 болон 2017 онд ихээхэн ургац алдаж импортоор үр тариа, гурил авах эрсдэлд оров. Улсын хэмжээнд 2017 онд нийт 524.3 мянган га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оноос нийт тариалсан талбайн хэмжээ 19.0 мянган га (3.8%) -гаар өссөн ч хураасан үр тариа 245.4 (50.7%) мянган тонн болж даруй тал хувиар буурав. Хур бороогүй гантай зун үүнд гол буруутай ч болзошгүй эрсдэлийг болгоож өмнө нь тооцоолоогүй "хариуцлагагүйн хандив" нэрмээс ч мэдээж үүнд байсан.

Тэнгэр царайчилж, газар аргадсан тариаланчид маань гэнэтийн энэ эрсдэлд бэлтгэл дутуу байсан нь ч нөлөөлсөн хэрэг. Алсдаа усалгаатай тариаланг хөгжүүлэхэд улсаараа анхаарахгүй бол болохгүй нь гэдгийг байгаль ээж бидэнд ийнхүү хатуухан сануулаад авсан.
Хаврын сүүл гарч, хэзээ мөдгүй тариалалт эхлэх гэж байна. Энэ үед өмнөх гашуун туршлагаа давталгүй сургамж авахад дан ганц тариаланчид гэлтгүй төр засаг анхаарлаа хандуулах учиртай. 

Энэ онд улсын хэмжээнд 408.9 мянган га-д үр тариа, үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай,  15.5 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавьсан. Ингэснээр 538.4 мянган тонн үр тариа, үүнээс 518.7 мянган тонн улаанбуудай, 171.2 мянган тонн төмс, 101.9 мянган тонн хүнсний ногоо, 64.0 мянган тонн малын тэжээл, 34.2 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилт дэвшүүлжээ.



Энэ хаврын тухайд хөрсний чийгшил харьцангуй сайн байгаа ч цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх зун олон жилийн дундажтай харьцуулахад халуун байх төлөвтэй буйг анхаарахгүй өнгөрч боломгүй.
Бас "Саалиа бэлдэхээр саваа бэлд" гэсэн үгтэй. Хурааж авах үр тариа, төмс хүнсний ногоогоо хадгалах агуулах зоорио эртнээс бэлдэхийг сануулахад илүүдэх юун. Өнгөрсөн жил ургац алдсаны уршгаар үр буудай импортоор авахдаа тулж, алслагдсан аймгийн иргэд ахиу үнэтэй гурил авч амьжиргаа нь хүндэрсэн алдааг өнөө жил давтах эрх байхгүй.

Атрын аяны эрч саарч, авдаг ургацын хэмжээ багасвал тариаланчдын урам хугарч, та бидний амьдрал хүндрэнэ.
Монголчууд бид зориод зүтгэвэл бүтээж болдогийн бодит жишээ болж хүн бүрийн сэтгэлд итгэл найдварын оч асааж асан Атрын аяны араас матрын нулимс унагахгүйн тулд хаврын тариалалтад хамаг хүчээ зориулахсан. 
Үр бордоогоор бүрэн хангаж, үнэ хямд шатахууны зээл тариаланчиддаа олгохоос энэ ажил эхэлнэ. Бас авсан ургацаа арвилан хямгадах агуулах зоорьтой болоход нь алагчлалгүй дэмжихээс ажлын үр дүн шалтгаална. 
Угтаа бол ургац алдана гэдэг хурмаст тэнгэр хураа хайрлаагүйгээс илүүтэй түших төр, залах засагт ухаан дутсанаас эхтэй байдгийг өнөө жил марталгүй санаж ажиллавал сайнсан. 

Related image


ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН  


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ