Ховд аймгийн Ерөнхий Боловсролын сургуулийн энэ жилийн төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээрээ улсад 5 дугаар байранд шалгарсан амжилт үзүүллээ. Боловсролын салбарын нийт багш нарын ажлын үр дүнг харуулдаг тус шалгалтад нийт 1400 гаруй гаруй хүүхэд хамрагджээ. Давхардсан тоогоор Математикийн хичээлээр 903, Монгол хэлний хичээлээр 454, Нийгмийн ухааны хичээлээр 716, Англи хэлний хичээлээр 331, Орос хэлний хичээлээр 24, Газар зүйн хичээлээр 39, Физикийн хичээлээр 410, Биологийн хичээлээр 240, Химийн хичээлээр 247, Монгол улсын түүхээр 13 хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна.
Өнгөрсөн жилийн Элсэлтийн Ерөнхий шалгалтаар Ховд аймаг улсдаа 3 дугаар байранд орж байсан бол энэ жил 5-р байранд шалгарлаа. Гэлээ ч Ховд аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээрээ жил бүр эхний байруудад явж байгаа нь сайшаалтай.
2014 оны оноос эхлэн сургуулийн захирлууд элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоо ахиулах асуудлыг аймгийн Засаг даргатай байгуулах үр дүнгийн гэрээндээ тусган, гэрээнийхээ заалтыг биелүүлсэн сургуулиудыг өргөмжилж байсан. 2015 онд гэрээнд тусгасан үүргээ биелүүлж, амжилтаа ахиулсан Жаргалант сумын 2, 3, 6, 7 дугаар сургууль, Дарви, Манхан, Ховд, Мөнххайрхан, Мянгад сумын сургуулиудыг мөн олон жил тасралтгүй “Улсын топ “ үнэлгээтэй сургуулиар шалгарсан “Прогресс” сургуулийг тус тус өргөмжилж байжээ.