Ховд аймгийн баяр наадамд Мөст сумын харьяат, аймгийн харцага Ц.Адьяа түрүүлж, Дөргөн сумын харьяат, аймгийн начин Г.Ариунболд үзүүрлэв.



Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам Ховд аймагт 7-р сарын 10, 11 ний өдрүүдэд өргөн дэлгэр болж өнгөрлөө. Энэ жилийн наадамд Чандмань сумын харьяат, Улсын начин И.Мөнхбаатар, Налайх дүүргийн харьяат, аймгийн хурц арслан Канат, Үенч сумын харьяат аймгийн арслан н.Батмөнх, Дуут сумын харьяат, аймгийн арслан С.Ганхуяг, Чандмань сумын харьяат, аймгийн арслан Г.Цэдэнбал нараар манлайлуулсан улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 256 бөх хүч үзэн барилдаж, наадамчин олноо баясгалаа. 



Энэ жилийн наадамд Алтай сумын харьяат аймгийн заан Г.Хишигбат, Мөст сумын харьяат, аймгийн харцага Ц.Адьяа, Эрдэнбүрэн сумын харьяат, аймгийн харцага н.Энхбилэг, Чандмань сумын харьяат, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр, Алтай сумын харьяат, аймгийн начин О.Очбат нарыг түрүүлнэ гэж наадамчид, бөх сонирхогчид бөхийн тааварт оруулж байв. 



Баяр наадмын хүчит бөхийн барилдааны 5-ын даваанд Чандмань сумын харьяат, Улсын начин И.Мөнхбаатар Дөргөн сумын харьяат, сумын начин н.Энхбаярыг, Үенч сумын харьяат, аймгийн арслан Б.Батмөнх Зэрэг сумын харьяат, сумын начин О.Дөлгөөнбатыг, Чандмань сумын харьяат, аймгийн арслан Г.Цэдэнбал Дөргөн сумын харьяат, аймгийн начин Г.Ариунболдыг,  Алтай сумын харьяат, аймгийн заан Г.Хишигбат Манхан сумын харьяат, аймгийн начин Б.Отгонцоожийг, Зэрэг сумын харьяат, аймгийн харцага М.Ганзориг Дөргөн сумын харьяат, сумын заан Л.Цэнд-Аюушийг, Эрдэнэбүрэн сумын харьяат, аймгийн харцага н.Энхбилэг Булган сумын харьяат, аймгийн харцага Б.Анхжаргылыг, Мөст сумын харьяат, аймгийн харцага Ц.Адьяа Чандмань сумын харьяат, аймгийн начин н.Балжиннямыг тус тус  амлаж  Алтай сумын харьяат, аймгийн начин О.Очбат, Буянт сумын харьяат, сумын заан Д.Сосорбарам нар тунан барилдав. Энэ даваанд Зэрэг сумын харьяат, сумын начин О.Дөлгөөнбат Үенч сумын харьяат, аймгийн арслан Б.Батмөнхөөр 5 даван, аймгийн начин цолны болзлыг хангалаа. 





Хүчит бөхийн барилдааны 6-ийн даваанд Улсын начин И.Мөнхбаатар аймгийн начин Г.Ариунболдыг, аймгийн заан Г.Хишигбат начин цолны болзлыг шинээр хангасан сумын начин О,Дөлгөөнбатыг, аймгийн харцага М.Ганзориг аймгийн харцага Б.Анхжаргалыг тус тус амлаж аймгийн харцага Ц.Адьяа, аймгийн начин О.Очбат нар тунан барилдсанаас аймгийн харцага Б.Анхжаргал харцага цолоо баталлаа. 



Хүчит бөхийн барилдааны 7-ийн даваанд аймгийн заан Г.Хишигбат шинээр харцага цолны болзол хангасан, аймгийн начин Г.Ариунболдыг амлаж, аймгийн харцага Ц.Адьяа аймгийн харцага Б. Анхжаргал нар тунан барилдав. Энэ даваанд аймгийн начин Г.Ариунболд наадамчин олныг өндөлзүүлсэн урамтай сайхан барилдааныг үзүүлж, 7 даван аймгийн заан цолны болзлыг хангалаа. 



Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, аймгийн баяр наадамд Мөст сумын харьяат, "Ховд бөхийн дэвжээ", "Бүртэн Говь" ХК-ний бөх, аймгийн харцага Цэвээнпүрэвийн Адьяа түрүүлж аймгийн арслан, Дөргөн сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, "Чоно харайх" ХК-ний бөх, аймгийн начин Г.Ариунболд үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ. 












Энэ жилийн бөхийн барилдааныг Үндэсний бөхийн жаяг дэгийн баг амжилттай зохион байгуулав. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар улс, аймгийн цолтой ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. 








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ