Ховд аймгийн 11 сумын 45 багийн 954 өрхийн 65 голомтод Олон улсын хорио цээрийн ангилалд багтах бог малын гоц халдварт “Мялзан” өвчин оношлогдсоноос хойш багагүй хугацаа өнгөрч байна. 2016 оны 10-р сарын 07 ны байдлаар уг өвчнөөр голомтын бүсийн нийт 74161 толгой мал өвчилж, 11869 мал хорогдож, 40 толгой малыг устгасан ба 59174 толгой мал эдгэрсэн, одоо 3078 толгой мал өвчтэй байна гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өгч байна. Өнгөрсөн хугацаанд хорио цээрийг дэглэм, өндөржүүлсэн байдлыг 2 ч удаа сунгаж шат дараалсан арга хэмжээ авч ажилласны үр дүнд өвчлөлийн тархалтыг голомтын бүсэд нь барьж чадлаа. Өнөөдөр хуралдсан аймгийн Онцгой комиссын хуралдаанаар хорио цээрийн дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлыг 2016 оны 10-р сарын 8 ны өглөөний 08 цагаас эхлэн өдөр тутмын бэлэн байдалд шилжүүлж 41 постоос 25-ыг нь татан буулгахаар шийдвэрлэжээ.
Харин үлдсэн постууд нь вакцинжуулалтын ажлыг дуустал, түүнээс цааш тодорхой заасан хугацаанд байнгын ажиллаж, хяналт шалгалтаа үргэлжлүүлэн ажиллах бөгөөд энэ сарын 12 ноос эхлэн вакцинжуулалтын ажил эхлэх юм байна. Улсын онцгой комисс, Аймгийн онцгой комиссоос бүрдсэн ажлын хэсэг 2016 оны 10-р сарын 10 нд шаардагдах хэмжээний вакциныг Булган, Ярантын боомтоор оруулж ирэх, хувиарлах, сургалт семинар өгөх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Ховд аймгийн хэмжээнд нийтдээ 2 сая 900 гаруй мянган малыг вакцинжуулалтанд хамруулах ба вакцинжуулалтын ажлыг сум, багт зохион байгуулах малын эмч, хяналтын ажлын хэсгийг Аймгийн засаг даргын захирамжаар байгуулан ажиллуулахаар боллоо. Мөн” ХӨГЖИЛ” Политехник коллежийн мэргэжлийн ангийн 80 оюутныг энэ ажилд татан оролцуулахаар шийдвэрлэжээ. Вакцин хийсэн малын махыг вакцин хийсэнээс хойш 21 хоногийн хугацаанд хүнсэнд хэрэглэгүй байхыг зөвлөсөн байдаг учраас өвчлөл гараагүй, эрүүл бүсээс бод малыг гарал үүслийн гэрчилгээ, ариун цэврийн бичигтэйгээр оруулж ирж, худалдаалан ард иргэдийн мах, хүнсний хэрэгцээг хангахаар боллоо.