
Аймгийн Эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр Менингококкийн халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Анхны тохиолдол болох зургаан сартай хүүхдийн эмчилгээ үргэлжилж байгаа. Биеийн байдал тогтвортой байна.
Менингококкт халдварын тандалт эрт илрүүлэлтийг эрчимжүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш, ажилтан, албан хаагчдын дунд назофарингитийн үзлэгийг зохион байгуулж, ойрын хавьтал, хамар хоолойн үрэвсэлтэй 65 хүний ам залгиурын арчдасын сорьцод өсгөвөр шинжилгээг хийхэд эмгэг төрөгч нян илрээгүй байна.
Хамар хоолойн үрэвслийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээг 3312 хүнд хийж, хамар хоолойн үрэвслийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажиллаж байна.

Менингит нь менингококкоор үүсгэгддэг, маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй, аль ч насны иргэд, ялангуяа 0-5 насны хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэй халдварт өвчин тул зөвлөмжид заасан шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмч, эмнэлэгт хандахыг зөвлөж байна.



