Хүндэтгэлийн хуралдаан төлөөлөгчийн 65 хувийн ирцтэйгээр хуралдаж, 2020-2024 онд аймгийн ИТХ-аас хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан илтгэлийг хэлэлцэв.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди ажлын тайлан, илтгэлдээ:
Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д нийцүүлэн аймгийн ИТХ-аас 2020-2024 онд “Хүний хөгжлийг дэмжсэн бие даасан эдийн засагтай, стандарт бүхий Шинэ Ховд аймгийг цогцлоон хөгжүүлэх” бодлогын томоохон зорилт дэвшүүлж, түүний хэрэгжилтийг хангахаар бүрэн эрхийн хугацаанд 41 төлөөлөгч иргэдээ төлөөлөн ажиллалаа.
Тухайн бүрэн эрхийн хугацаанд:
Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 578,3 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 1046,8 тэрбум төгрөгт хүрч 468.5 тэрбум төгрөгөөр буюу 81.1 хувиар өссөн дүнтэй байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг салбараар нь авч үзэхэд хөдөө аж ахуйн салбар 2020 онд 227,1 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 333,8 тэрбум, үйлдвэрлэлийн салбар 2020 онд 181,1 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 425,2 тэрбум, үйлчилгээний салбар 2020 онд 170 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 287.7 тэрбум төгрөгт тус тус хүрчээ.
Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 6,5 сая төгрөг байсан бол 2023 онд 11,5 сая төгрөгт хүрч 5,0 сая төгрөгөөр буюу 77 хувиар өссөн байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2020 онд 38,7 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 84,2 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 2020 онд 11,7 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 31,1 тэрбум төгрөгт хүрч өссөн дүнтэй байна.
Энэ хугацаанд мал сүрэг таван төрлөөр өсөж, аймгийн хэмжээнд 2020 онд үр тариа, төмс, хүнсний ногоог 2545.7 га талбайд тариалалт хийж 24865.5 тонн ургац хурааж байсан бол 2023 онд 3333.9 га талбайд тариалалт хийж 29860.1 тонн ургац хураасан нь 2020 онтой харьцуулахад тариалалт 23.6 хувиар, ургац хураалт 16.7 хувиар тус тус өссөн.
Хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж 2021 онд Монгол улсын шилдэг аймаг боллоо.
Улс орны хөгжил, дэвшлийг аймгуудын түвшинд хэмжин тодорхойлдог “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-д дурдсанаар Ховд аймаг 2022 онд 50.06 оноотойгоор 15 дугаар байранд эрэмбэлэгдсэн бол 2023 онд 62.15 оноотойгоор ерөнхий оноогоо 12.09 нэгжээр өсгөсөн үзүүлэлттэй байна.
Мөн аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2020 онд 7,4 хувьтай байсан бол 2023 онд 3,3 хувь болж буурсан, хүний хөгжлийг илтгэх үндсэн үзүүлэлт болох дундаж наслалт 2020 онд 73.1 байсан бол 2023 онд 74.02 болж улсын дунджаас 2,5 насаар илүү байгаа зэрэг эдийн засаг,нийгмийн олон эерэг үзүүлэлтүүд гарсан талаар онцлон мэдээллээ.