Монгол улсад Статистикийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхт ойн арга хэмжээг аймгийн ИТХ-ын тогтоолоор баталсны дагуу орон нутагт есдүгээр сарын 12,13-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ хүрээнд Ховд аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Статистикийн хэлтсээс
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр /2024.09.13/ зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Батболд, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Баярсүх нарын удирдлагууд, сумдын БЗД, Санхүү төрийн сангийн төлөөлөгч, ахмадууд, оюутан сурагчид, статистикийн мэдээлэл гаргагч нар оролцож, мэндчилгээ дэвшүүлж, Л.Ариунаа даргатай Ховд аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Статистикийн хэлтсийн хамт олонд
“ТАЛАРХАЛ” хадгалууллаа.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-т зориулан түүхэн архивын үзэсгэлэн гаргаж, Үндэсний статистикийн хорооны ЭЗСГазрын дарга М.Оюунжаргал Монгол улсын Үндэсний Статистик 100-н жил сэдвээр илтгэл танилцуулсан юм.
Монгол улсад 1924 онд анхны Засгийн газар байгуулагдахад дотоод яамны бүтцэд тоо, бүртгэлийн алба байгуулагдаж ирсэн тэр цагт статистикийн байгууллагын үндэс суурь бий болсон түүхтэй.
Харин орон нутагт бүртгэл статистикийг хөтлөн явуулах, өнөөдрийн энэ тогтолцооны суурь 1960 оноос эхтэй. Тодруулбал, улсын хэмжээнд Тоо бүртгэлийн төв газар болгон өргөжүүлж, аймгуудад Тоо бүртгэлийн товчоо байгуулж, сумдад тоо бүртгэлийн улсын байцаагчийг ажиллуулж эхэлжээ.
1990 ноос хойш улс орон зах зээлийн эдийн засагт шилжсэнээр эдийн засаг, нийгмийн хөгжлийн явцад өөрчлөлт орж, хууль эрх зүйн орчин бүрдэж тооллого хооронд сар, улирал, жилийн мэдээ тайлангууд нэмэгдэж буйтай холбогдуулан 1997 онд аймгийн Засаг даргын дэргэдэх “
Статистикийн хэлтэс”-ийг шинээр зохион байгуулснаар орон нутгийн түвшинд түүхэн шинэ хуудас нээгдсэн байна.
Өдгөө аймгийн ЗДТГ-ын дэргэдэх “Статистикийн хэлтэс нь 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр чиг үүргийн дагуу хэрэглэгчдийг тоо мэдээллээр ханган ажиллаж байна. Мөн сумдын статистик хариуцсан 17 мэргэжилтэн, багийн статистик хариуцсан 91 багийн Засаг дарга, албан ёсны статистик мэдээ тайлан ирүүлдэг 231 ААНБ-ын статистик мэдээ тайлан гаргадаг нябо, эдийн засагч, Захиргааны статистик мэдээ тайлан гаргадаг 29 төрийн байгууллагын 30 ажилтан чиг үүргийн дагуу ажиллаж байна.