Ховд аймаг 2024 оныг “Хүүхдэд ээлтэй хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан
“Ховдын мэдээ” сонины дэргэдэх
“Байгаль сэтгүүлч” клуб санаачлан Буянт голын орчны бохирдлыг бууруулах, Усны тухай хууль, Хог хаягдлын тухай хуулийг сурталчлан олон нийтийн хандлагад нөлөөлж
“Зусландаа соёлтой амьдаръя-2024” аяныг энэ оны 07 сарын 10-наас 08 сарын 23-ныг хүртэл хэрэгжүүлж ажиллаа.
Аяны хүрээнд Буянт голоо хамгаалж,
“Зусландаа соёлтой амьдаръя” аянаар Буянт голын бүс нутаг Таван худгаас Их гол хүртэл, Бага голоос Цэнгэлдэх хүрээлэнгийн арын чиглэл, Буянт голын гүүрний дээд, доод тал Оцон чулуу хүртэлх зуслангийн айлуудын орчны нөхцөл байдалд хүүхдүүд хяналт тавьж ажиллан нийт 300 орчим иргэдтэй уулзсан юм.
Ингэхдээ
“Ховдын мэдээ сонин” цахим хуудас шинээр нээж, богино хэмжээний зураг, бичлэг хийж, нийгмийн сүлжээгээр зуслангийн айлуудын амьдралын хэв маягийг өөрчлөх нөлөөллийн ажил бас өрнүүллээ.
Аймгийн Цагдаагийн Газрын хамт олныг Буянт голоо хамгаалах,Зусландаа соёлтой амьдаръя челлежинд дуудаж тус Цагдаагийн газрын Цагдаагийн ахлах дэслэгч Б.Алтансүх, Дэд ахлагч Б.Борхүү нар клубийн хүүхдүүдтэй хамтран Буянт голын зусланд гарсан айлуудын орчны нөхцөл байдалд тавьж ажиллалаа.
Зуслангийн айлууд, хол ойрын аялагчид зүлгэн дээр машин тавих, голын усанд юм угаах, ил задгай бие засах, орчиндоо хог хаях, голын эргээс 50 м зайд бүү хэл 5 метр хүрэхгүй газар голын ээрэг дээр гэрээ барих гэх мэт зөрчлүүд олонтоо давтагдаж буй нөхцөл байдалд байдалд зохих шаардлага тавьж ажиллаа.
Энэ жилийн зун
"Шинэ Ховд Жаргалант" ТҮК өдөр бүр цагийн хуваарийн дагуу дуудлагаар хог ачиж, айлууд тогтсон цагт хогоо бөөгнүүлж, ачуулж хэвшсэн нь сайн туршлага болсон гэж Буянт голын хүүхдүүд аяны зүгээс дүгнэж, мөн зуслангийн айлууд иргэд ч санал нэгтэй байсан юм.
"Буянт голын хүүхдүүд" аяны нөлөөллийн ажлын үеэр зуслангийн айлуудын иргэдтэй уулзахад орчныхоо хогийг цэвэрлэж, бие биедээ хяналт тавьж, хүүхдүүд нь хог ачих машинд хогоо ачуулж, орчны зүлэг, гол ус бохирдуулахгүй байгаа учраас орчин тойрондоо соёлтой, тав тухтай амьдрах амьдралын хэв маягийг бий болгож чадсан нь бидний хамтын ажлын үр дүн байж чадлаа.
Зусландаа ирэхэд торгон ногоон зүлэг байхад нь гэрээ барьж тухалсан бол, нүүхдээ нүүрээ битгий буруулаарай, буурь бууцаа цэмцийлгээд,орчин тойрныхоо хогийг цэвэрлээд нүүгээрэй гэдгийг сануулж,хүүхдүүд зуны турш хийсэн ажлынхаа талаар
“Ховдын мэдээ” сонинд тусгай дугаар бэлтгэн иргэдэд хүргэсэн юм.
Аймаг орон нутгийн зүгээс Буянт голын сав газрын дагуу иргэд ая тухтай амьдрах олон бүтээлч ажил,санаачилга өрнүүлснийг бас дурдах нь зүйтэй. Замын уулзваруудад камер байршуулж, бие засах орчныг бүрдүүлж, хог хаягдлыг дуудлагаар ачуулах, машин тавих тэмдэглэгээ, айлуудыг 50-тын зохион байгуулалтад оруулах гэх мэт олон ажил өрнүүлсэн юм.
Хүүхдүүдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчноо хамгаалахад тустай энэхүү аяныг дэмжиж ажилласан аймгийн ИТХ, ЗДТГ, мэдээллийн ивээн тэтгэгч МОЭНКО кампанийн хамт олонд талархал дэвшүүлье.
"Ховдын мэдээ" сонины дэргэдэх “Байгаль сэтгүүлч” клубийн “Буянт голын хүүхдүүд аянд” Цаст Алтай Цогцолбор сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Г.Номинэрдэнэ, 8 дугаар ангийн сурагч Г.Уянга, Д.Халиун, 7 дугаар ангийн сурагч Д.Мишээл, Жаргалант сумын 3-р 12 жилийн сурагч 10 дугаар ангийн сурагч Д.Удвал, Прогресс сургуулийн 7 дугаар ангийн сурагч Х.Аминэрдэнэ, 5 дугаар ангийн сурагч Х.Нандинэрдэнэ, УБ хотоос зуны амралтаараа ирсэн сурагч Т.Халиун /8-р анги/ , Ховд Их сургуулийн Монгол хэлний 1-р дамжааны оюутан Н.Намуун, МИУС-ийн сэтгүүл зүйн ангийн 3-р дамжааны оюутан Н.Энхжин, Прогресс сургуулийн 7-р ангийн сурагч Э.Анар, 10 дугаар ангийн сурагч Г.Жавхлан, А.Төгсөө нарын хүүхдүүд оролцлоо.
Хамтдаа Буянт голоо цэвэр ариун байлгаж, эрүүл сайхан байгаль дээр өнө мөнхөд амьдарцгаая.
“Ховдын мэдээ” сонины дэргэдэх Байгаль сэтгүүлч клуб “Буянт голын хүүхдүүд” аян