Улсын тэргүүний Зэрэг сумын "БҮЖИНХЭН" цэцэрлэг нь 62 жилийн түүхтэй.
Одоогоор 28 багш ажилчидтай, 190 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Нийт багш, ажилчдын 90 хувь нь залуучууд. Хүүхэд багачуудыг хөгжүүлэх, боловсрол олгох, заах арга зүйгээрээ аймагтаа төдийгүй улсдаа үнэлэгдэж байгаа.
Сумын ИТХ, Засаг даргын шийдвэрээр өнөөдөр /2024.08.20/ тус цэцэрлэгийг Монгол улсын гавьяат багш Тогмидын Наранцэцэгийн нэрэмжит болгож ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Гавьяат багш Т.Наранцэцэг гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдийн хамтаар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хот дахь Зэрэг сумын нутгийн зөвлөлийн дарга Д.Буянбал, Ховд аймаг дахь Зэрэг сумын Нутгийн зөвлөлийн дарга Т.Дэлгэрсайхан, Зэрэг сумын ИТХ-ын дарга Г.Батсүх, Б.Батбилэг, цэцэрлэгийн хамт олон, сумын иргэдийн төлөөлөл оролцов.
Т.Наранцэцэг нь Зэрэг сумын Гүвээ багийн уугуул. Бага насаа нутаг, усандаа өнгөрөөж улмаар Улаанбаатар хотын сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 40 жил ажилласан байна. Хийсэн бүтээсэн ажил, олон арван шавь төрүүлсэн хөдөлмөр зүтгэлийг нь алдаршуулж Зэрэг сумын удирдлагууд сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан ийнхүү "БҮЖИНХЭН" цэцэрлэгийг гавьяат багшийн нэрэмжит болголоо.
Гавьяат багш Т.Наранцэцэг нь хүүхэд багачуудыг номоор дамжуулан сургах, хөгжүүлэхийг чухалчилдаг байна. Тиймээс эрхлэгч Ц.Жигдбаяр болон багш ажилчидтай нь зөвшилцсөний дагуу тус цэцэрлэгт нийтдээ 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр "НОМЫН ӨРГӨӨ" тохижуулж хүлээлгэн өглөө.
Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй зарим шилдэг тэргүүний багш, эмч, сувилагч болон ахмад багш нарт салбарын шагнал гардуулж баяр хүргэв.
Хүүхэд багачуудын боловсролд зориулж ахмад багш нар, 1987 төгсөгчид анги хамт олноороо тус цэцэрлэгт хүүхдийн тоглоом
/гурван сая төгрөг/ болон эд материалын дэмжлэг үзүүллээ.