Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслийн холбогдох материалыг хүлээн авах хугацаа маргааш буюу 08 дугаар сарын 11-ний өдөр дуусна. Тиймээс Ховд аймгийн МАН-ын хороо сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж хуульд заасан хугацаанд холбогдох материалаа бүрдүүлэн өнөөдөр /2024.08.10/ аймгийн Сонгуулийн хороонд албан ёсоор хүлээлгэн өглөө.
Аймгийн Монгол ардын нам:
-Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх
-Шударга ёсыг тогтоох
-Амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн найман бүлэг 271 заалттай мөрийн хөтөлбөр боловсруулжээ. Ингэхдээ намын анхан шатны байгууллагаас санал авч намын хорооны тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн холбогдох хууль, журмын дагуу хянуулсан байна.
Аймгийн МАН-ын хорооны дарга Э.Болормаа намын дэд дарга Т.Дэлгэрсайхан, намын хорооны тэргүүлэгчдийн болон эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөл болсон 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр Сонгуулийн хороонд очиж 2024 оны орон нутгийн сонгуульд оролцох материалаа албан ёсоор хүлээлгэн өглөө. Бүрэлдэхүүнээс харахад Э.Болормаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч аймгийн намын хорооны даргын хувьд энэ удаагийн орон нутгийн сонгуулиа удирдана. Мөн эмэгтэйчүүд, залуучуудад илүү боломж олгох магадлалтай байна.