Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн нутаг /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км, сумын төвөөс баруун урт зүгт 80км /-т “Гоогийн нуруу” гэх газар аянга буусан гэх мэдээллийг Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газар энэ оны 07 дугаар сарын 23-ны 22:20 цагт хүлээн авчээ. Үүний улмаас 200-аад толгой бог мал, иргэн Д.Б аянгад цохиулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр Иргэн Д.Б-ийн биеийн байдал хэвийн сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаа гэлээ.
Түүнээс хойш 7 хоногийн дараа буюу 2024 оны 07 дугаар 30-ны өдрийн 08:00 цагийн орчимд Мянгад сумын Чацаргант багийн нутаг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110км, сумын төвөөс зүүн урд зүгт 90км /-т “Алтан хөхий хайрхны ар бэлд аянга буужээ. Үүний улмаас 16-17 насны гурван хүүхэд өртөж хоёр нь харамсалтайгаар амь насаа алдаж нэг нь Ховд аймаг дахь БОЭТ-д эмчлүүлж байна. Мөн иргэн Б.У-ын 17 тооны бод мал аянгад нэрвэгдэж хорогджээ.