Монгол улсын их сургуулийн Баруун бүсийн сургууль нь бакалаврын 37, магистрын 13, докторын 6 хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаагаа явуулж багш, мэргэжилтэн бэлтгэж байна.
Өнөөдөр /2024.06.20/ Монгол улсын их сургуулийн 79, Баруун бүсийн сургуулийн 42 дахь удаагийн "Эрдмийн баяр” боллоо.
Энэ хичээлийн жилд Монгол улсын их сургуулийн Баруун бүсийн сургуульд 1500 гаруй оюутан суралцаж байгаагаас бакалаврын 23 хөтөлбөрөөр 200, магистрын 5 хөтөлбөрөөр 23 нийт 223 суралцагч төгсөж байгаа юм. Үүнээс бакалаврын түвшний 9, магистрын түвшний 17 гадаад оюутан байна.
Төгсөгчдийн "Эрдмийн баяр"-ын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд оролцон нийт төгсөгчдөд баяр хүргэж, цаашдын ажил үйлст нь амжилт хүслээ.
Мөн тус сургуулийн захирал, эрдэмтэн докторууд шилдэг тэргүүний оюутнуудад шагнал гардуулж, нийт төгсөгчдөд Монгол улсын их сургуулийн энгэрийн тэмдэг, диплом гардуулан өгч баяр хүргэв.
Монгол орны баруун бүс нутагт 45 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй тус сургууль нь нутгийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэ хөтөлбөр нээж, гадаадын их дээд сургуулиудтай хамтран хос дипломын хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Энэ өдөр Нийгмийн эрүүл мэнд хөтөлбөр, Бүгд Найрамдах Солонгос улсын Чангшин их сургуультай хамтарсан Эрхзүйн хөтөлбөр анхны төгсөлтөө хийж байгаа нь 2023-2024 оны хичээлийн жилийн онцлох үйл явдлын нэг болсон юм.