Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 2004 оноос эхлэн жил бүрийн 06 сарын 14-ний өдрийг
“Цусны донорын Дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилготой энэ өдрийг манай улс 21 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэв.
Цусны салбар төвөөс өгсөн мэдээллээр Ховд аймагт 1500 орчим донор бүртгэлтэй байдаг. Эрдэнэт хүний амь насыг авран хамгаалах үйлсийн төлөө цусаа бэлгэдэг тэдгээр доноруудын 100-150 нь тогтмол хугацаанд цус, сийвэнгээ өгдөг байна.
Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Цусны салбар төв нь жилд 500-600 донороос цус авч, стандартын дагуу цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нөөцөө бэлтгэж байна.
Энэ жилийн хувьд манай аймгийн хэмжээнд “Хүндэт донор” дөрвөөр нэмэгдэж, 61 боллоо.
“Цусны донорын Дэлхийн өдөр”-ийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын ЗБОНХХ-ийн дарга Г.Бадамсүрэн,
ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн, Жаргалант сумын ЗД-ын орлогч Б.Нямдэлгэр, БОЭТ-ийн удирдлагууд болон доноруудын төлөөлөл
оролцлоо.
Хариу нэхдэггүй ачтан, хүмүүнлэг үйлсийн эзэд болсон хүндэт донорууд, эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн төлөөлөлд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас талархал илэрхийлж, гарын бэлэг гардууллаа.
Үүнээс гадна бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа, тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа доноруудад шагнал гардуулж баяр хүргэв.