"Ерөнхийлөгчийн Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 2023 онд Ховд аймгаас шалгарсан оюутнуудын санаачилгаар
“Дэлхийн Монгол Иргэн” төгсөх ангийн сурагчдад зориулсан зөвлөгөө өгөх арга хэмжээ өнөөдөр /2024.05.17/ боллоо.
Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, Илгээлт-2100 хөтөлбөрт Ховд аймгаас сонгогдсон оюутнуудын зүгээс Ховд аймгийн хүүхэд залуучуудад гадаадын их дээд сургуулиудын тэтгэлэгт хамрагдах боломжууд, өөрсдийн суралцсан туршлага түүхээсээ хуваалцаж, "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрт хэрхэн тэнцэх, Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн бэлтгэх, Мэргэжил сонголт, Хувь хүний хөгжил дэвшил зэрэг бусад чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.
Тус арга хэмжээний нээлтэд Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа оролцож, мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ гадаадын их сургуулийн тэтгэлэгт хамрагдаж, суралцсан өөрийн туршлага, түүхээсээ хуваалцаж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ.
"Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг сурталчлан таниулах, тэтгэлэгт хамрагдах сурагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой уг арга хэмжээнд Жаргалант сумын ЕБС-иудын ахлах, төгсөх ангийн сурагчдын төлөөлөл 250 орчим сурагч оролцож үнэ цэнтэй мэдээлэл авлаа.
Уг арга хэмжээг аймгийн ЗДТГ, БШУГ, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, Илгээлт-2100 хөтөлбөрт Ховд аймгаас сонгогдсон оюутнууд хамтран зохион байгуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байна.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд нийт 1153 сурагч тэнцэж АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Лаос, Вьетнам зэрэг 16 улсын их, дээд сургуульд элсэн суралцаж байна.
Үүний 41 сурагч нь Ховд аймгаас шалгарчээ.
Тус тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.