ЭМЯ, ЦХХХЯ-наас
“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг улс орон даяар эрүүл мэндийн салбарынханд үе шаттай зохион байгуулж байгаа.
Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах зорилго бүхий “Төрийн бүтээмжийн сэргэлт- цахим эрүүл мэнд” сургалт өчигдөр /2024.05.09/ Ховд аймагт боллоо.
Сургалтад аймгийн эрүүл мэндийн салбарын 350 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан юм.
Энэ үеэр сургалтад оролцогчдод “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого”, “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь”, “Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлт" зэрэг сэдвүүдээр холбогдох албаныхан дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа төр хувийн хэвшлийн 113 байгууллагад 1214 эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд ажиллаж, хүн ардад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Тэгвэл эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудад ашиглах программ хангамж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай мэдээллийг эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн санд оруулснаар иргэддээ хүрэх эрүүл мэндийн үйлчилгээ шуурхай, цаг хугацааг хэмнэх боломжийг олгоно. Мөн иргэний үндсэн мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай авах давуу тал бий болох юм.
Иргэд цахим жор, амбулатори, жирэмсний хяналт, хүүхдийн ягаан дэвтэр, дархлаажуулалт, дүрс оношилгоо, лабораторийн хариуг И-Монголиа-гаар дамжлуулан авах боломж бүрджээ.