УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн Ховд аймагт ажиллаж байна. Орон нутгийн энэ удаагийн томилолтоор бүх сумдад иргэдтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Хуваарийн дагуу өнөөдөр /2024.02.17/-ны 14:00 цагт Цэцэг сумын иргэдийн төлөөлөлтэй уулзав.
Уулзалтаар:
Монгол Улсын төсөв, эдийн засаг, Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний тухай илтгэл, мэдээлэл танилцууллаа. Мөн иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч санал солилцов.
Цэцэг сумын хувьд хэрэглэгчийн ачааллаас шалтгаалан цахилгааны тасалдал ихтэй. Тиймээс энэ онд Дэлхийн банкны санхүүжилтээр 04кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэхээр төсөвлөсөн байна.
Мөн баруун гурван сум руу татаж буй 35кв-ын агаарын шугамаас салаалж сумын төв болон Баян-овоо багийн төвийг цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөж холбогдох газарт нь хүсэлтээ уламжилжээ.
Уулзалтад тус сумын ИТХ-ын дарга Б.Лхагвапүрэв, Засаг дарга Б.Ганбаяр, Засаг даргын орлогч Б.Одонбаяр, Тамгын газрын дарга Б.Билэгт нарын албаны төлөөлөл байлцав.