УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн Ховд аймагт ажиллаж байна.
Орон нутгийн энэ удаагийн томилолтоор бүх сумдад иргэдтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хуваарийн дагуу өнөөдөр /2024.02.17/-ны 10:00 цагт Дарви сумын иргэдийн төлөөлөлтэй уулзав.
Уулзалтаар:
Монгол Улсын төсөв, эдийн засаг, Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний тухай илтгэл, мэдээлэл танилцууллаа. Мөн иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч санал солилцов.
Дарви сумын хувьд 10кв, 04кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх шаардлагатай байгаа.
Сумын Засаг дарга О.Ганцоожийн өгсөн мэдээллээр:
Төсвийн хууль, журмын дагуу зураг төсөв нь бэлэн болсон. Сум өөрийн төсвөөс 400 сая төгрөгөөр тодорхой хэсгээ шинэчилсэн. Одоо 800 сая төгрөгийн санхүүжилтийг шийдчихвэл сумын эрчим хүчний асуудал бүрэн шийдэгдэнэ гэлээ.
Уулзалтад тус сумын ИТХ-ын дарга Г.Эрдэнэчулуун, Засаг дарга О.Ганцоож, Засаг даргын орлогч Б.Энхболд нарын албаны төлөөлөл байлцав.