Ховд хотын захирагчийн ажлын албаны дарга Г.Гончигсүрэн тэргүүтэй албаны бүрэлдэхүүн энэ сарын 23-26-ны хооронд БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Буурчин суманд албан айлчлал хийлээ.
Энэ үеэр 2 аймаг, 2 сум хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нөхөрсөг сумдын харилцаа тогтоох чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг үзэглэв.
Санамж бичгийн хүрээнд Аялал жуулчлал, Жижиг дунд үйлдвэрлэл, Эрчим хүч, худалдааны салбарт хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийхээр тохиролцлоо.
Буурчин сум нь салхины эрчим хүч, усан цахилгаан станц, нарны эрчим хүчний үйлдвэрлэлээр дотоодын хэрэглээгээ бүрэн хангахын зэрэгцээ бусад сумуудаа эрчим хүчээр хангаж татварын орлогын 3,5 орчим хувийг эрчим хүчний орлогоороо бүрдүүлдэг аймагтаа хөгжлөөрөө тэргүүлэгч сумдын нэг юм. Мөн БНХАУ-ын аялал жуулчлалын төв бүс болгох зорилгоор сүүлийн жилүүдэд эрчимтэй төлөвлөлт хийгдэж, 2023 онд төсвийнхөө 80 хувийг аялал жуулчлалын орлогоороо бүрдүүлжээ.
Энэ удаагийн ажлын айлчлал нь 2 аймгийн болон 2 сумын харилцаа, эдийн засаг, үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахад гүүр болохуйц үр дүнтэй айлчлал болсныг Буурчин сумын удирдлагууд онцлон дурдаж байв.