Зэрэг сумын Эрүүл мэндийн төв нь 2022 онд 90 жилийн түүхэн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Тухайн үед тус сумын харьяат, Анагаахын Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын Хүний гавьяат эмч Батын Эрдэнэчулууны нэрэмжит болсон байна.
Үүний үр дүнд Улаанбаатар хотын “ЭМЖЖ” чих хамар хоолой, сонсгол судлалын төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгтэй хамтран ажиллаж хүн ардын эрүүл мэндийг хамгаалах, оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэхэд анхаарсаар байна.
Энэ ажлын хүрээнд саяхан
“ЭМЖЖ” эмнэлгээс сумын Эрүүл мэндийн төвд
“Эрүү нүүр, шүдний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий кабинет”-ыг тохижуулж, Монгол улсын Хүний гавьяат эмч, АШУҮИС-ийн Чих хамар хоолойн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор, ЭМЯ-ны ерөнхий мэргэжилтэн Э.Жаргалхүү хүлээлгэн өгчээ.
“Эрүү нүүр, шүдний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий кабинет”-тай болсноор эмч, сувилагч гэсэн хоёр орон тоог нэмэгдэж байна. Хамгийн гол нь хөдөөгийн иргэд, хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, үзлэг, оношилгоо, эмчилгээ хийхэд чухал ач холбогдлоо өгнө гэж үзэж байна.
Зэрэг сумын Эрүүл мэндийн төв нь 3385 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажилладаг.
Энэ оны наймдугаар сарын 15-нд гаргасан мэдээгээр сумын хэмжээний 0-17 насны нийт 1410 хүүхдээс амны хөндийн үзлэгт 976 нь хамрагдсан. Нийт хамрагдсан хүүхдийн 58% өвчлөлтэй буюу 572 хүүхэд шүдний цооролтой байна.
Энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээг орон нутагтаа үзүүлэх боломж нээсэн анхдагч сумдын нэг нь Зэрэг сумын Эрүүл мэндийн төв боллоо. Одоогоор Булган сумын Нэгдсэн эмнэлэг "Шүдний кабинет"-тай, хувийн нэг эмнэлэг ажиллаж байгаа.