Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зорилтын хүрээнд аймгийн Засаг дарга Э.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэн нараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр (2023.08.23) Мянгад, Буянт суманд ажиллаж, байгалийн хадлан бэлтгэх ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Малчид, иргэд хөдөлмөрчид Ховд аймгийн 12 сумын нутагт хадлан бэлтгэх боломжтой.
Одоогоор нутгийн онцлог, цаг агаарын төлөв байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хадлангийн талбайн 70-80 хувийг ашиглаж байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн судалгаанаас үзэхэд Ховд аймаг 58-60 мянган тонн хадлан бэлтгэж байсан бол өнгөрсөн жил 68 мянга гаруй тонн хадлан бэлтгэж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.
Харин энэ жилийн тухайд Ховд аймгийн малчид, иргэд хөдөлмөрчид 58.6 мянган тонн хадлан бэлтгэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 40 хувьтай үргэлжилж байна.
Хадлангийн талбайн өвсний гарц өмнөх жилээс 20-30 хувиар бага байна
Хадлан бэлтгэх ажил хөдөөгийн сумдад харилцан адилгүй түвшинд өрнөж байгаа. Тухайлбал, Булган суманд хадлан бэлтгэх ажил ойролцоогоор 90 хувьтай явж байгаа бол Буянт, Мянгад суманд 30-40 хувьтай. Зарим хадлангийн талбайд ус, шавар их байгаагаас ажил оройтож эхлэх, өмнөх жилүүдээс бага өвс бэлтгэх төлөвтэй байна.
Өнөөдрийн /2023.08.23/ байдлаар Буянт сумын төвөөс 30 километрийн зайд орших Нарийн гол багийн нутаг, "Шаргууны хэв" гэх газарт 15-16 өрх хадлан бэлтгэж буй.
Тэд долоо хоногийн хугацаанд 4000 гаруй боодол өвс бэлтгэжээ. Тус сумын хадлангийн гол бүс нь Нарийн голынхоо дотор хэсэгт байдаг.
Уг газарт шавар, устай байгаа тул есдүгээр сараас хойших хугацаанд малчдын бүлэг хадлан бэлтгэхээр тооцоолж байна.
Мянгад сумаас 20 километрийн зайд орших Цагаан булан багийн нутаг, "Доод арал" гэх газрын 50-60 га талбайгаас 10-аад өрх хадлан бэлтгэж байна. Мянгад сумын өвсний нөөцийн дийлэнх хувийг бүрдүүлдэг хадлангийн талбай ус ихтэй байгаагаас өвсний гарц багасаж, талбайн хомсдолд орж байгаа тухай зарим хадланчид ярьж байна.
Жишээлбэл, Мянгад сумын Цагаан булан багийн малчин Ц.Насанбат: "Жилд 300 тонн өвс бэлтгэдэг газраас энэ жил 50-60 тонн өвс авч байгаа нь хадлангийн талбайн өвсний гарц өмнөх оныхоос 20-30 хувиар буурсан үзүүлэлт" гэж хэллээ.
Цаашид аймаг, сум орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагын зүгээс өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг сайтар хангах, өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, үнийг тогтворжуулах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлж байна.