Манхан болон Зэрэг суманд хоёр хүн үерийн усанд амиа алджээ



Өчигдөр орсон их хэмжээний аадар борооны улмаас үер болж Манхан болон Зэрэг сумдад хоёр хүн амиа алджээ.

Тодруулбал, Манхан сумын Ботгон багийн Хавчиг гэдэг газар Жаргалант сумаас Мөст сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин үерийн усанд урсаж боогдсон, нэг хүн сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр /08.02-ны/ өдрийн 18:20 цагт хүлээн авчээ Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б “Волтз” загварын суудлын автомашин /6 зорчигчтой/ үерийн усанд урсаж, боогдсон байсныг аюулгүй газарт гарган, иргэн Г /54 настай, эмэгтэй/ үерийн усанд урссан байсныг анх осолдсон газраас баруун хойд зүгт 200 метр зайтай газраас цогцсыг олжээ.

Мөн тус аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн “Хойд шилийн хясаан” гэдэг газар хоёр гэр, хоёр зорчигчтой автомашин үерийн усанд урссан тухай дуудлагыг өчигдөр /08.02-ны/ 23:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид очиж  45 настай, эрэгтэй Б-ийн “Приус-20” загварын нэг зорчигчтой суудлын автомашин үерийн усанд урсаж, сураггүй болсон байсныг иргэн А /63 настай, эрэгтэй/-г анх урссан газраас баруун хойд зүгт 500 метрийн зайд эсэн мэнд байсныг олж, мөн өдрийн 04:35 цагт иргэн Б-ийн цогцсыг анх осолдсон газраас баруун хойд зүгт 3.5 км зайд Гүвээ багийн “Цагаан бургасангын хэв” гэдэг газраас олжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ