Ховд аймгийн хэмжээнд 8500 орчим малчин бий гэсэн судалгаа бий. Үүний 26 хувь нь 18-35 насны залуучууд.
Тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг ярилцаж шийдвэрлэх, энэ асуудлаар хийж хэрэгжүүлж буй ажил, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулах зорилгоор
“ЗАЛУУ МАЛЧДЫН ЧУУЛГА”-ыг өнөөдөр /2023.06.12/ зохион байгууллаа.
“Хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд салбарын яамтай хамтран аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй тус чуулгад сум тус бүрээс 10-12 залуу малчин оролцож байна.
Чуулганы нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нар оролцож үг хэллээ.
Чуулгад оролцогчид энэ үеэр салбарын бодлого чиглэлийн талаар мэдээлэл сонслоо.
Мөн хашир туршлагатай ахмад малчдын туршлагыг судалж өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар дуу хоолойгоо илэрхийллээ.
Тухайлбал,
-Малын гаралтай түүхий эдийн үнэ ханш муу, борлуулах зах зээл хомс, -Бэлчээрийн даац хэтэрснээс байгаль цаг агаарын бэрхшээлийг даван туулахад амаргүй болсон,
-Залуу гэр бүл малаа маллах, хүүхдээ сургах гээд хоёр тусдаа амьдарч байгаагаас залуу малчдын тоо жилээс жилд цөөрч малчдын залгамж халаа алсарч байгааг хэлж байна.
Тиймээс ялангуяа залуу малчдыг:
-Нийгмийн даатгалд хамруулах,
-Өвөлжөө хаваржааны орон сууц барихад нь хөнгөлөлттэй зээлд хамруулах зэргээр бодлогоор дэмжих шаардлага байгааг онцоллоо.
Ховд аймаг “ЗАЛУУ МАЛЧИН” хөтөлбөрийг сүүлийн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, залуу малчдыг малжуулахын зэрэгцээ орон сууцжуулахад анхаарч байна. Хөтөлбөрийн хүрээнд жилд сум бүрээс 3-4 малчныг малжуулах төсөлд хамруулсан. Үр дүнгээ өгч байгаа учраас уг хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж албаныхан онцоллоо.
Чуулга уулзалтад оролцогчдоос гаргасан саналыг үндэслэн зөвлөмж гаргаж, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.