“ОЦОГ ХАД”-ны уурхайн үйл ажиллагааг түр зогсоохоор боллоо



Алтай сумын нутаг “ОЦОГ ХАД” гэх газар “ТАЛСТ МОЛОР” ХХК вольпром буюу “ГЯНТБОЛД” олборлох үйл ажиллагаа явуулж байгаа. 

Гэтэл сүүлийн үед уурхайн талбайд хууль зөрчсөн асуудал удаа дараа гарч байна гэх гомдол мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлжээ. 



Хамгаалалтын болон уурхайн ажилчдын хооронд хүртэл зодоон, тэмцлийн асуудал гарсан. Үүсээд буй нөхцөл байдал, асуудал, гомдлын дагуу аймгийн Засаг дарга захирамж гарган ажлын хэсэг томилж чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд өчигдөр /2023.06.06/ газар дээр нь ажиллалаа. Улмаар холбогдох хууль, журмын дагуу хяналт шалгалт хийж дүгнэлтээ гарган танилцуулав. 

“ТАЛСТ МОЛОР” ХХК нь 2017 онд ашиглалтын лиценз авч 2019 оноос хойш “ОЦОГ ХАД”-нд олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа. Хөрөнгө оруулагч, үйл ажиллагаа явуулж буй талууд компанийн эзэмшигч, хуулийн этгээдийн эрх нь маргаантай. Талууд шүүхээр шийдвэрлүүлсэн гэх боловч маргаан, үл ойлголцол үргэлжилсээр. Зарим асуудал нь шүүхийн шатанд, эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. 


Тиймээс ажлын хэсэг:

-Ямар нэгэн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, 
-Талуудын маргаан хуулийн дагуу бүрэн шийдвэрлэгдэх хүртэл уурхайн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэлээ.   

Мөн хууль зөрчсөн, хүний эрүүл, мэнд, амь насанд хохирол учруулж болзошгүй үйлдэл гаргахгүй байхыг компанийнханд хатуу анхааруулав.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ