Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баруун бүсийн Онцгой байдлын газарт ажиллав

May be an image of 1 person

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Баруун бүсийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай уулзав.
Тус газрын дарга, хурандаа Б.Алтанбадралт албаны үйл ажиллагааны талаар товч танилцууллаа.
Бие бүрэлдэхүүн оны эхний дөрвөн сарын байдлаар 10 хүний амь нас, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн 560 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад байна.
Тус байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн дөрвөн сумын нутагт 7,000 гаруй мод тарьж, 10 мянган суулгац бэлджээ.
Мөн ирэх намар гэхэд Ховд хотод үлгэр жишээ болохуйц ногоон байгууламж бүхий “Аврагчдын гудамж”-ийг хүлээлгэн өгч, усан спортын сургалтын төвдөө хүүхэд, залуус болон баруун бүсийн төрийн цэргийн байгууллагын алба хаагчдыг үнэ төлбөргүй сургахаар төлөвлөжээ.

May be an image of 7 people and ambulance

Онцгой байдлын албаныхан эх орондоо төдийгүй Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцон олон улсын түвшинд үүрэг гүйцэтгэх чадвараа харуулж, төр засаг, ард түмэндээ энх цагийн баатрууд хэмээн хүндлэгдэж байгаад сэтгэл хангалуун байдгаа Ерөнхийлөгч илэрхийлэв.
Гамшиг, ослын давтамж нэмэгдэж, улс орны аюулгүй байдлын гадаад, дотоод орчин эрс өөрчлөгдөж байгаа энэ  үед бүх нийтээрээ сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх нь нэн чухал байгааг тэмдэглэв.
Энэ хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг бууруулах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй нягт хамтран ажиллаж, ард иргэдийг гамшиг, ослоос өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалах мэдлэг, чадвартай болгоход онцгой анхаарах шаардлагатайг хэлэв.

Баруун бүсийн Онцгой байдлын газар бүс нутагт үер, цас, зуд, хээрийн түймэр, хүн, малын халдварт өвчин, уулын осол, ялангуяа уул, усны аврах ажиллагааны бэлэн байдал, дадлага туршлага, ур чадвараараа  улсдаа тэргүүлэх байгууллага байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын оролцоо, хичээл зүтгэл, манлайлал чухал гэдгийг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх алба хаагчдын найдвартай ар тал, түшиг тулгуур болсон хань ижил, гэр бүлд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

May be an image of 9 people

May be an image of 4 people


ЭХ СУРВАЛЖ: Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ