“Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аянд Ховдчууд нэгдлээ



Таргалалтаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас санаачлан “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг улс орон даяар зохион байгуулж байна. Уг аянд Ховд аймаг нэгдэж, аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төвдүүд хамтран нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр /2023.24/ зохион байгууллаа.



Манай улсын нийт хүн амын 4% нь л эрүүл хүн ам байдаг байна. Улсын хэмжээнд хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн 70% буруу хооллолт, 30% хөдөлгөөний идэвхгүй байдлаас шалтгаалдаг байна аа. Мөн чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, зүрх судасны өвчин, хавдар, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин хүн амын дунд тэргүүлж байна. Нэн ялангуяа иргэдийн илүүдэл жин, таргалалт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан бүх насны хүн ам тэр дундаа залуус, хүүхдүүдийг илүү хамарч байна гэсэн судалгаа гарчээ. Тодруулбал, 15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 15.5 хувь нь таргалалттай, 53 хувь төвийн таргалалттай, 35-69 насны 10 хүн тутмын 6 нь илүүдэл жин, таргалалттай байна.Таргалалт нь удамшлын болон дааврын шалтгаантай байж болох ч ерөөс-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалдаг байна. Иймээс таргалалтаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас санаачлан "Энэ жилдээ-Эрүүл жиндээ" аяныг улсын хэмжээнд 3 сарын хугацаанд өрнүүлж байгаа аж. 



Аяны хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд нэгдэж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр сургалтуудыг зохион байгуулах юм.  Мөн амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй таргалалтаас урьдчилсан сэргийлэх чиглэлээр өглөөний гүйлт, ажлын байрны дасгал хөдөлгөөн зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үүний үр дүнд илүүдэл жин, таргалалт, халдварт бус өвчний эрүүл мэндийн  эрсдэлт хүчин зүйлс, түүнээс сэргийлэх талаар иргэдийн мэдлэг, хандлага, ойлголт нэмэгдэж, эрүүл амьдралын хэв маяг, дадлыг хэвшүүлсэн иргэдийн тоо өснө гэж үзэж байна. Иймээс аяндаа нэгдэж эрүүл зохистой хооллож, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж хэвшихийг уриалж байсан юм. “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аны нээлтийн үйл ажиллагаанд 200 гаруй хүн оролцлоо.

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ