Өвөлжилт хүндэрсний улмаас Чандмань суманд 2000 гаруй мал хорогджээ
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр /2023.03.03/ Чандмань суманд ажиллаж байна.
Томилолтын ажлын эхэнд сум, орон нутгийн удирдлагуудтай уулзаж цаг үеийн ажлын талаар мэдээлэл солилцов. Тус суманд өвөлжилт хүндхэн болж өнгөрсөн. Нөхцөл байдлын улмаас малын хорогдлын тоо гуравдугаар сарын 02-ны байдлаар 2000 гаруйд хүрчээ. Жилийн эцсээр 298000 толгой мал тоолуулсан. Болзошгүй эрсдэлийг тооцож малчид мал сүргийнхээ 30-40 хувийг хээлтүүлэгт оруулсан гэнэ. Энэ сарын 10-аас мал төллөх ажил эхлэх аж.
Сургуулийн дотуур байр, цэцэрлэгт зөөлөн эдлэл, гал тогооны эко хэрэгсэл гардуулав
Сумын удирдлагуудтай уулзсаны дараагаар Хүүхдийн цэцэрлэгээр орж зөөлөн эдлэл 100 ширхэг, гал тогооны эко хэрэгсэл 50 ширхэгийг гардуулав.
Тус цэцэрлэг нь 20 багш, ажилчидтай. Таван бүлэгт 130 орчим хүүхэд суралцдаг. Өмнө нь 2014 онд зөөлөн эдлэлийнхээ нэг ээлжийг шинэчилсэн. 2018 онд 25-ыг шинэчилсэн. Төсөв, санхүү хүрэлцээ муу учир дахин шинэчлэх боломжгүй байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн санаачлан хэрэгжүүлж буй "БОЛОВСРОЛОО ДЭМЖЬЕ" хөтөлбөрийн хүрээнд нэг ээлжийн зөөлөн эдлэлээ бүрэн шинэчилсэндээ баяртай байна.
"Хамгийн их тулгамдсан, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байсан ажилд чухал дэмжлэг үзүүллээ" хэмээн цэцэрлэгийн хамт олон талархалтай байв.
Түүнчлэн сургуулийн дотуур байрны сурагчдад зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгсэл гардууллаа. Дотуур байрт 100 орчим хүүхэд амьдардаг. Тэдний эрүүл өсөх, амьдрах орчныг сайжруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах үүднээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ ажлыг зохион байгуулж байгаагаа УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хэлсэн үгэндээ онцоллоо.