"Улсын аварга малчин" цол хүртсэн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн малчин Н.Лхагвасүрэн жилд 100-аад унага бойжуулдаг



XII-р жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгаас "Улсын хошой аварга малчин" нэг, "Улсын аварга малчин" найм, Улсын аварга тариаланч хоёр тодорсон. 

"Улсын аварга малчин өрх"-ийн нэг нь Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн малчин Н.Лхагвасүрэн, Ч.Дуламжав нар юм. Аваргуудын шагналыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар сумын удирдлагуудын хамт гардуулан өгч, баяр хүргэлээ. 



Аваргынх Цаст Цамбагарав хайрхан, Хатан дөлгөөн Ховд голоо түшиглэн Худгийн өвөлжөөндөө өнтэй сайхан нутаглаж байна. Эднийх анх өрх тусгаарлахдаа 100 толгой малтай байсан бол өдгөө 1400 гаруй малтай болж эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөсөн амжилтаараа "Монгол Улсын аварга малчин өрх"-өөр шалгарчээ. 

Н.Лхагвасүрэн адуун сүргээ өсгөх дуртай. 300 гаруй адуутай жилд 100-аад унага бойжуулдаг. Аймгийн алдарт уяач цолтой.

Аав, ээжээс өвлөсөн малч удмаа залгамжлан, галыг нь манаж, буурийг нь сахиж хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэндээ сэтгэл дүүрэн байна хэмээн сэтгэл догдлон ярилаа. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ