"Үзэсгэлэн болгогч" хэмээх Туулай жилийн босгон дээр Ховд аймгаас
"Аймгийн хошой аварга малчин өрх" 6 тодорсон. Тэдний нэг нь Эрдэнэбүрэн сумын Шураг багийн малчин Н.Дэмчиг. Тэрбээр аав, ээжийнхээ малч ухаанд суралцан, 30 гаруй жил мал маллаж явна. Хошой аварга малчин Н.Дэмчиг, гэргий Д.Дуламсүрэн нарын шагналыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ.
Н.Дэмчигийнх удам дамжсан малчин гэр бүл. 1995 онд аав ээжээсээ өмч болгон өгсөн 60 толгой малтай өрх тусгаарлаж байсан бол өдгөө нин сүрэг голлосон 1000 гаруй толгой малтай болжээ. Үүнээс энэ хавар бог бод нийлсэн 400 гаруй төл хүлээн авахаар бэлтгэлээ хангасан байна. Жилийн дөрвөн улирлын халуун хүйтнийг ажралгүй байгаль цаг уурын хүнд бэрхийг даван туулж мал сүргээ өсгөнө гэдэг малчдын хувьд амаргүй даваа. Хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөрлөсөн олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж 2015 онд "Сумын сайн малчин", 2016 онд "Аймгийн аварга малчин" цол хүртэж байсан амилтаа бататган ийнхүү "Аймгийн хошой авара малчин өрх" гэсэн хүндтэй цолны эзэн боллоо.
Тэрбээр өөрийн мал маллах арга туршлагаа үр хүүхдүүд болон дүү нартаа зааж сургаж яваа энэ цагийн сайн малчдын нэг. Аймгийн хошой аварга малчин Н.Дэмчиг малынхаа үүлдэр угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх тал дээр ихэд анхаардаг. Иймээс ямаан сүрэгтээ Увсын улаан тэх, хонин сүрэгтээ Дарвийн илүү нугаламтай хуц тавьж, эцэг малаа сэлгэн сүргийн бүтцээ чанаржуулж байна.
ВИДЕО: