Малчид өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангасны үр дүнд малын хорогдол бага гарчээ
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа албаны бусад төлөөллийн хамтаар энэ сарын 14-ний өдөр Зэрэг суманд ажиллалаа.
Энэ хүрээнд сумын удирдлагуудтай уулзаж өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн ажлын талаар мэдээлэл солилцов.
Улсын тэргүүний тус сум 800 гаруй өрхтэй. Үүний 525 нь малчин өрх. Жилийн эцсийн мал тооллогоор 202 373 толгой мал тоолуулжээ.
Бусад сумдыг бодоход өвөлжилт харьцангуй өнтэй болсон. Малчид ч бэлтгэлээ сайтар хангасны үр дүнд малын хорогдол харьцангуй багатай өвлийг давж байна.
Удахгүй төл хүлээн авахаар зэхэж байгаа тухай сумын Засаг дарга Б.Батбилэг ярилаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:Засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн даргын ажиллах орчныг сайжруулахад дэм болох үүднээс Гүвээ, Эхэн багт албаны болон уулзалтын ширээ, сандал олгож ажлын амжилт хүслээ.
Мөн тус сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажилд дэмжлэг үзүүлэв.
"Боловсролоо дэмжье" хөтөлбөрийн хүрээнд зөөлөн эдлэл, хоолны эко багц гардуулав
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Зэрэг суманд ажиллахдаа "БҮЖИНХЭН" хүүхдийн цэцэрлэг болон сургуулиар орлоо.
Тус цэцэрлэг нь 28 багш, ажилтантай. Найман бүлгийн 200 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
УИХ-ын гишүүн С. Бямбацогтын санаачилгаар 2017 онд аяга тавгаа, 2015 онд зөөлөн эдлэлээ шинэчилжээ. Түүнээс хойш дахин солих боломжгүй байсан гэнэ. Харин өнгөрсөн оны 10 сард аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газраас 25 хүүхдэд хэрэглэх зөөлөн эдлэл олгожээ.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа зөөлөн эдлэл-100 ширхэг, аяга тавагны иж бүрдэл-100 ширхэгийг олголоо.
Ингэснээр хүүхдийн хоолны аяга, таваг, зөөлөн эдлэлийн 50 хувь нь шинэчлэгдэж байна.
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, зөв төлөвшүүлэх үүднээс цаашид тоглоом бүрийг эко болгохыг зорьж байна гэж цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жигдбаяр ярилаа.
Сургуулийн хувьд 100 хүүхдийн дотуур байртай. Одоогоор 140 хүүхэд амьдардаг.
Сүүлийн 10-аад жил дотуур байрны хүүхдийн хоолны аяга таваг, орны зөөлөн эдлэлийг нэгдсэн байдлаар шинэчлээгүй. Хүүхдүүдийн ихэнх нь гэрээсээ авчирдаг ч эцэг эхчүүдэд жил бүр сольж өгөх боломж тааруу. Төсөв санхүү ч хүнд.
Тиймээс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "БОЛОВСРОЛОО ДЭМЖЬЕ" хөтөлбөрийн хүрээнд дотуур байранд 100 ширхэг зөөлөн эдлэл, хоолны эко багц 100 ширхэгийг хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар Зэрэг сумын иргэдтэй уулзав
Гишүүд, Улсын их хуралд өргөн барьж батлуулсан гол хууль тогтоомжийн талаар ард иргэдэд сурталчилж хийсэн ажлаа тайлагнан мэдээлэл хийв.
Мөн Газрын багц хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авах тухай зэрэг хэд хэдэн хуулийн шинэчилсэн найруулгын талаар иргэдийн саналыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Иргэд дээрх хуульд хэрхэн нэмэлт өөрчлөлт оруулж сайжруулах талаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн орон нутагт тулгамдаж буй асуудлаа илэн далангүй ярилаа.
Тус сумын хувьд иргэд:
-Цалин, тэтгэвэр бага, амьдралд тэр бүр хүрэлцэхгүй байгаа,
-Тэтгэврийг таван жилээр тогтоох хуулийн төслийг батлах улмаар өвлүүлдэг байх,
-Бэлчээр, нутгийн газрын асуудлыг хуулинд тодорхой тусгах зэрэг олон чухал асуудалд анхаарч ажиллах шаардлага байгааг хэлж байв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа болон албаны бусад төлөөлөл иргэдийн асуултад хариулт өгч хэлэлцүүлэг өрнүүлсэн хуульд тусгах саналыг бичгээр авч ажиллав.
ВИДЕО: