"Боловсролоо дэмжье" хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэбүрэн сумын сургуулийн дотуур байр, цэцэрлэгт зөөлөн эдлэл, хоолны эко багцыг хүлээлгэн өгөв
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа албаны бусад төлөөлөлийн хамтаар өнөөдөр /2023.02.13/ Эрдэнэбүрэн суманд ажиллаж байна. Тэрбээр тус сумын Засаг дарга У.Цэрэнтогтохтой уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдал, нутаг орны цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Үүний дараагаар тус сумын цэцэрлэг, сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд сайн чанарын даавуугаар хийсэн зөөлөн эдлэл, гадагш халддаггүй нян бактер үрждэггүй, эко хоолны хэрэгсэл гардууллаа.
Тус сумын сургуулийн захирал С.Отгончимэг: 2019 оноос хойш орны цагаан хэрэгслээ солиогүй, ганцхан ээлжийн даавуутай байсан тул эко орны хэрэгсэлтэй болсондоо тун олзуурхаж байна гэлээ.
Хөдөөгийн сургуулийн дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн зөөлөн эдлэлийг төсвийн мөнгөөр шинэчлэх боломжгүй. Тиймээс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нийгмийн хариуцлагын хүрээнд тулгамдсан энэ асуудлыг "БОЛОВСРОЛОО ДЭМЖЬЕ" хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэж байна.
Эрдэнэбүрэн сумын иргэдтэй уулзалт хийв
Энэ үеэр Улсын их хурлаар баталсан хууль тогтоомжийг ард иргэдэд сурталчилж иргэдийн санал бодлыг сонсов. Мөн Улсын Их хуралд өргөн барьсан гол хуулиудаар хэлэлцүүлэг өрнүүлж, ажлаа тайлагналаа.
Иргэдийн зүгээс тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхийг, тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтоох, хөдөө орон нутагт ажилладаг соёлын ажилтнуудын нийгмийн баталгаа сул, цалин маш бага, цагаан сарын тавгийн боов уут гурилны үнээс өндөр болсныг хэлж байв. Мөн Эрдэнэбүрэний усан цахилгаан станц барихыг сумын иргэд дэмжиж байгаа. Гэвч станц барих үед үүсэх байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, үүнээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нөхөн олговор олгох зэрэг асуудлыг хөндөв.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа болон албаны бусад төлөөлөл асуулт асууж, санал бодлоо илэрхийлсэн иргэдийн асуултад хариулт өглөө.