Дуут сумын малчид өвлийг өнтэй сайхан давж байна
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа энэ сарын 09-ээс эхлэн орон нутагт ажиллаж байна. Энэ удаагийнхаа томилолтоор хөдөөгийн найман суманд ажиллах төлөвлөгөөтэй. Тэрбээр энэ сарын 12-ны өдөр далайн төвшнөөс дээш 2480 метр буюу Монголын хамгийн өндөрлөг цэгт орших Дуут суманд ажиллалаа.
Эн тэргүүнд сумын Засаг дарга С.Ганзориг, ИТХ-ын дарга Ц.Одбаатар нартай уулзаж өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн ажлын талаар мэдээлэл солилцов.
Дуут сум газар нутгийн хувьд өндөр уулын бүсэд хамаардаг онцлогтой. Тиймээс малчид нь сарлаг олонтой. Жилийн эцсээр 8000 орчим сарлаг тоолуулжээ.
Өнгөрсөн зун газрын гарц муугаас малын идэш багатай байсан. Гэсэн хэдий ч малчид өвлийг өнтэй сайхан давж байгаа тухай сумын удирдлагууд ярилаа.
Цэцэрлэг, сургуулийн дотуур байранд зөөлөн эдлэл, хоолны эко багцыг хүлээлгэн өгөвУИХ-ын гишүүн Ш.Адьшаа дагалдан яваа албаны бусад төлөөллийн хамтаар Дуут сумын цэцэрлэг, сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд зориулан зөөлөн эдлэл, хоолны эко багцыг хүлээлгэн өгөв.
Тус сумын хүүхдийн цэцэрлэг нь 90 гаруй хүүхэд, 13 багштай. Эрхлэгч Б.Эрдэнэчимэгийн хэлснээр 2018 оноос хойш зөөлөн эдлэлээ солиогүй байна.
Тэр бүр төсвийн мөнгөөр шийдээд байх боломжгүй энэ асуудлыг ийнхүү шийдвэрлэсэнд талархаж байна.
Хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалахаас гадна эцэг эхчүүдэд бага ч гэсэн дэм болно гэдгийг онцоллоо.
Тэрбум гаруй төгрөгөөр хийсэн бүтээн байгуулалтыг ашиглаж чадахгүй байна
Дуут сумын сургуулийн удирдлагууд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барьсан спорт заал, ариун цэврийн байгууламжаа ашиглаж чадахгүй байгаа талаар ярив. Тэдний танилцуулснаар, “Хаш өргөө” компани спорт заалыг 840 сая төгрөгөөр барьж 2020 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан байна. Гэвч уг бүтээн байгуулалт чанаргүй болсны улмаас Дуутын сурагчид тоглож, спортоор хичээллэж бие бялдраа хөгжүүлэх нь бүү хэл бэртэж гэмтэх асуудал гарах болжээ.
Түүнчлэн
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилт болох 300 гаруй сая төгрөгөөр барьсан ариун цэврийн байгууламжийг ашиглаж чадахгүй байгаа аж.
Тодруулбал,
“Грэйт майнинг” компани төслийн хүрээнд цэцэрлэг, сургууль, дотуур байрны нүхэн жорлонг халж ариун цэврийн байгууламж барих ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэвч тус компани худаг ухаж ариун цэврийн байгууламжийг усаар хангах үүргээ гүйцэтгэлгүй өдий хүрч байна.
Дуут сумын иргэдтэй уулзалт хийв
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Дуут сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, Улсын их хуралд өргөн барьж батлуулсан гол хууль тогтоомжийн талаар ард иргэдэд сурталчилж хийсэн ажлаа тайлагнан мэдээлэл хийв.
Мөн Газрын багц хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар иргэдийн саналыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Иргэд дээрх хуульд хэрхэн нэмэлт өөрчлөлт оруулж сайжруулах талаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн орон нутагт тулгамдаж буй асуудлаа илэн далангүй ярилаа.
Дуутынхан байгалийн баялгаа хамгаалах, уул усаа хамгаалахад анхаарч байна. Нутгийн шүтээн хайрхан уулаа 2042 он хүртэл орон нутгийн тусгай хэрэгцээнд авч одоогоор “айдгаа авдартаа хийгээд” байгаа тухайгаа олзуурхан ярив.