Баруун бүсийн төв – Ховд аймгийн Онцгой байдлын газар нь 2022 оны тайлангийн хурлаа өнөөдөр /2022.12.26/ зохион байгууллаа.
2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, ирэх оны үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох, алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэн ажиллах зорилготой тус хуралд аймаг орон удирдлагууд болон ОБГ-ын удирдлага, нийт бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцсон юм.
Тус байгууллага 2022 оны зорилтын хүрээнд 30 гаруй нэр төрлийн ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Мөн энэ онд Ховд аймгийн Онцгой комисс, шуурхай штаб 26 удаа хуралдаж, холбогдох хууль журмын дагуу 130 гаруй тогтоол, шийдвэр, албан бичиг гаргажээ. Үүний хэрэгжилтийг хангах чиглэлээр Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын бусад алба хаагчидтай хамтран ажилласан байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд 2022 онд гарсан 88 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, объектын гал түймэр, ослын үед давхардсан тоогоор 975 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Ингэхдээ 20 хүний амь аварч, аж ахуйн нэгж, ард иргэдийн 2.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Энэ үеэр ажил үйлс, амжилт ололтоороо хамт олноо манлайлсан нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Тухайлбал байгууллагын үйл ажиллагаа чиг үүргийн дагуу 12 шилдэг ажилтныг шалгаруулсан бол 2 алба хаагч цол нэмсэн юм.
Баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ нь Булган, Зэрэг, Манхан, Мөст, Жаргалант суманд анги, салбар нэгжтэй юм. Тус газрын нийт алба хаагчид болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
ВИДЕО: