МЭДЭГДЭЛ
Сүүлийн үед улс даяар өрнөөд буй “нүүрсний хулгайн” гэх асуудалтай холбогдуулан Ховдын Булган боомтоор тодорхой хэмжээний нүүрс хяналтгүй гарсан гэх зарим ташаа мэдээлэл гарч байгаа нь тус компанийн хөрөнгө оруулагчид болон Төслийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, ард иргэдийн дунд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдлыг үүсгээд байна.
МоЭнКо ХХК нь Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн чулуун нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшин ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж, Ховд аймгийн Булган боомтоор БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Оронд коксжих нүүрс экспортолдог.
Хөшөөт төслийн нийгмийн хариуцлага, улс орны эдийн засагт үзүүлэх үр нөлөө жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа билээ.
Төслийн хүрээнд 2400 гаруй хүн ажлын байраар хангагдаж, орон нутгаас худалдан авах бараа, ажил үйлчилгээний хэмжээ үлэмж нэмэгдэн, улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар шимтгэлийн орлогын хэмжээ өссөөр байна. Тус компани 2022 оны эхний 10 сард 113 тэрбум төгрөгийн татвар шимтгэлийн орлогыг төвлөрүүлж, Ховд Хөшөөт Хөгжил сангаараа дамжуулан орон нутгийн хөгжилд багагүй хувь нэмэр оруулж байна.
Булган боомтоорх нүүрсний экспортыг Ховд аймгийн 26 аж ахуйн нэгжийн 960 гаруй тээвэрчид гүйцэтгэж байна.
Манай компани баруун бүс нутагт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд өөрийн хүч бололцоог бүрэн дайчилж, хууль дээдлэх зарчмыг тууштай мөрдлөг болгон ажиллаж ирлээ.
Иймд манай компанийн бүхий л үйл ажиллагаа, тэр дундаа Булган боомтоор нүүрс экспортлож буй үйл ажиллагаа нь төрийн хяналт шалгалтын байгууллагуудын бүрэн хяналт дор, хуулийн хүрээнд, аливаа зөрчилгүй явагддаг бөгөөд компанийн зүгээс экспортлосон нүүрсэнд өдөр тутмын дотоод хяналтыг давхар хэрэгжүүлж ажилладаг болохыг олон нийтэд хандан албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
МОЭНКО ХХК