Коронавирусний халдвар авч, эдгэрсэн иргэдийн 10-20 хувьд “Ужиг ковид”-ын хам шинж буюу толгой өвдөх, мартах, ядрах, сульдах гэх мэт шинж тэмдгүүд илэрч байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Иймээс иргэдийн амьдралын зөв хэв маяг, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилтын дагуу
“Ковид-19 цар тахлын нөхцөлд хүн амын дасан зохицох байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг мэргэжлийн байгууллагууд хамтран бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна.
Ховд аймагт зохион байгуулагдаж буй баруун бүсийн сургалтад Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн засаг захиргааны байгууллага болон боловсролын салбар байгууллагын мэргэжилтэн, нийгмийн ажилтнууд, онцгой байдлын газрын төлөөлөл, хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, цар тахлын дараах нөхцөл байдлыг даван туулах, дасан зохицох, эрсдэлт зан үйлийг өөрчлөх чиглэлээр мэдлэг мэдээллээ өргөжүүллээ.
Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд зохион байгуулж буй дээрх сургалтын үйл ажиллагааг тусгай хуваарь төлөвлөгөөний дагуу дараагийн аймгуудад зохион байгуулна.