Ховд аймгийн хэмжээнд 700 орчим хүн чихрийн шижин өвчний улмаас эмчийн хяналтад байдаг



Өнөөдөр // 2022.11.14 "Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр" тохиож байна. Сүүлийн жилүүдэд хөдөлгөөний хомсдол, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй халдварт бус өвчлөл, нас баралт нэмэгдэж иргэдийн эрүүл амьдралын чанар буурсаар байгаа нь нууц биш. Манай улсад 15-49 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, суугаа идэвхгүй байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь  амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байдаг гэсэн судалгаа бий.  Мөн монгол хүн өдөрт дунджаар 2737 алхам алхдаг байна. 18-69 насны нийт хүн амын 29.2 хувь нь өдөрт 3000-10000, 24.6 хувь нь 3000-аас доош, харин хамгийн бага буюу  4.9 хувь нь 10000-с дээш алхалт хийж эрүүл мэнддээ анхаардаг аж. 
Илүүдэл жин, хөдөлгөөний хомсдол нь 21-р зууны чимээгүй тахал гэж нэрлэгдэх болсон чихрийн шижин өвчин үүсгэх хүчин зүйлсийн нэг болдог. Иймээс "Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг угтан, аймгийн Эрүүл мэндийн газраас холбогдох бусад байгууллагатай хамтран бүх нийтийн явган алхалтыг зохион байгууллаа.  



Биеийн тамирын дасгалууд дотроос хүний биеийн ихэнх хэсгийг хөдөлгөөнд оруулдаг, хамгийн боломжтой, хүн болгонд хүртээмжтэй, ач холбогдолтой хялбар дасгал бол цэвэр агаарт явган алхах, гүйх байдаг. Тэгвэл бүх нийтийн явган алхалтад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 500 орчим иргэн оролцлоо.


Судалгаагаар 1998 онд аймгийн хэмжээнд чихрийн шижин өвчний нэг тохиолдол бүртгэгдэж байсан бол 2005 онд аймгийн хэмжээнд чихрийн шижин өвчнийг илрүүлэх, эмчлэх зориулалт бүхий кабинет байгуулахад 12 хүн хяналтад орж байжээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 700 орчим хүн чихрийн шижингээр өвчилж, эмчийн хяналтад байдаг байна. Тус өвчнөөр  өвчлөгсдийн 80-90 хувь нь хөдөлгөөний дутагдал, түүнээс улбаалсан таргалалт, биеийн жингийн илүүдэлтэй байгааг мэргэжлийн эмч хэлж байлаа.   

Жил бүрийн 11-р сарын 14-ний өдөр тохиодог чихрийн шижинтэй тэмцэх өдрийг энэ жил улсын хэмжээнд эрүүл амьдралын хэв маягт алхам алхмаар уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ