Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас энэ сарын 11-ний өдөр
“ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨР” зохион байгуулж төлөөлөгчид
“Хөшөөтийн уурхай"-д ажиллалаа.
Энэ үеэр Ховд аймаг, МоЭнКо ХХК-тай байгуулсан “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ”-ний хүрээнд хийж буй ажлын талаар санал солилцов.
Мөн орон нутгийн нүүрс олборлох үйл ажиллагаа, хуурай баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
2022-2023 онд Хөшөөтийн уурхай Ховд аймгийн иргэдэд 35000 тонн бүхэл нүүрсийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх ёстой. Талоноор нүүрс авах гэсэн иргэд, тээврийн хэрэгслийн ачаалал их, зарим нь 20 гаруй хоног дугаарлан зогсож байна.
МоЭнКо ХХК-иас өгч буй мэдээллээр ордын нөөц, геологийн тогтцоос шалтгаалан нүүрс, чулуулгийн холимог болон нунтаг их, ангилан ялгалт удаашралтай байгаа учраас ийм нөхцөл үүсжээ.
Одоогийн байдлаар орон нутгийн нүүрс нийлүүлэлтийн талбайд өдөрт дунджаар 25-30 машин нүүрс буюу 800-1000 тонн нүүрс буулгаж, шигшээд, чулуулгийг гараар ялгахад бүхэл нүүрсний гарц 15-20 хувьтай байна. Өөрөөр хэлбэл 1000 тонн нүүрснээс хамгийн ихдээ 150 тонн бүхэл нүүрс гарч байгаа учраас хоёр автомат болон, хоёр босоо шигшүүр зэрэг ажиллуулж, ажиллах хүчний тоог нэмэгдүүлсэн ч өдөрт хоёр шалаанз, хоёр дунд оврын машин гаргаж байна гэлээ.
Цаашид өдрөөс өдөрт хүйтэрнэ. Тиймээс үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар талууд ярилцаж тодорхой шийдэлд хүрлээ. Тодруулбал,
-Ууланд шинэ тэсэлгээ хийх
-Энэ онд шинээр ашиглалтад оруулсан Моторт шигшүүрийн технологийг өөрчилж, гарцыг нэмэгдүүлэх гэсэн менежментийн хоёр шийдвэр гаргалаа. Мөн
-Налуу шигшүүрийг нэмэгдүүлж өдөрт том оврын /шалаанз/ машин гурав, дунд оврын 3-4 машин /HOWO, MAYTI/, бага оврын машинд дугаарлалт харгалзахгүйгээр оруулж гаргахаар боллоо.
Жил бүр ийм ачаалал үүсдэг. Тиймээс дараа жилээс орон нутгийн нүүрс олгох ажлыг наймдугаар сараас эхлэн олгож байх зохицуулалт хийж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.
ВИДЕО: