“МоЭнКо оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдсан оюутнууд тэтгэлэгээ гардан авлаа



Хөшөөт төслийн хэрэгжүүлэгч “МоЭнКо” ХХК 2022-2023 оны хичээлийн жилд “МоЭнКо оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлаж оюутнуудаа шалгарууллаа.

Хөтөлбөрт Ховд аймгийн харьяат бөгөөд магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуулийн гурав, дөрөвдүгээр дамжаанд 3.2-оос дээш голч дүнтэйгээр суралцаж байгаа оюутнуудыг хамруулсан байна.

Сонгон шалгаруулалтыг  аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж, 15 оюутан тус бүрд 1.500.000 (нэг сая таван зуун мянган) төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүллээ. Мөн "МоЭнКо ХХК"-д эзэмшиж буй мэргэжлээрээ үйлдвэрлэлийн дадлага хийх эрхийг олгосон байна.

Тодруулбал, Жаргалант, Цэцэг, Дөргөн, Зэрэг, Алтай, Чандмань, Манхан, Булган гэсэн 8 сумын харьяат, Уул уурхайн ашиглалтын инженер, технологи, цахилгааны инженер, архитектур болон нийгэм, байгалийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутнууд шалгарчээ.

Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын батламжийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн захирал Б.Баяржаргал, МоЭнКо ХХК-ийн Төр, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Т.Жанлав, Уурхай хариуцсан захирлын орлогч Г.Будмэд нар өнөөдөр /2022.11.09/ гардуулж баяр хүргэлээ. 








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ