Дарханы замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтоос мэдээлэл авлаа.
-Дарханы замын сүр дуулиантай нээлээ гэдэг мэдээлэл гарлаа. Тайз засан, тууз хайчилж нээсэн юм уу?
-Дарханы замыг сүр дуулиантай нээсэн асуудал байхгүй. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум Дорноговь аймгийн Даланжаргал сумыг холбосон 50 км замын нээлтийн зургийг тавьж Дарханы замыг нээлээ гэсэн мэдээлэл явсан. Дарханы замын нэг урсгалын хоёр эгнээ замын хөдөлгөөнийг өчигдөр бүрэн нээлээ. Ингэснээр Дархан, ОХУ, хойд чиглэлд зорчиж байгаа иргэд маань шороон замаар бус хатуу хучилттай замаар явах боломж бүрдэж байна. Тус замаар зорчиж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдээсээ олон жилийн турш хүндрэл чирэгдэл учруулсандаа хүлцэл өчиж байна.
-Дарханы замтай холбоотой албан тушаалтуудыг шалгаж байгаа асуудал байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай холбоотойгоор хуулийн байгууллагаас цөөнгүй хүнийг шалгаж байгаа. Дарханы зам удааширсан гол асуудал бол шаардлага хангаагүй “цүнхний” компаниудыг сонгон шалгаруулсан явдал. Нөгөө талаасаа цар тахалтай холбоотойгоор бүтээн байгуулалтын явц удааширсан асуудал ч бий. Намайг ажил авахад барилгын материал, цемент, битумын тасалдал санхүүжилттэй холбоотой асуудлууд байсан. Энэ бүхнийг газар дээр нь очиж ажиллан, арга хэмжээ авч ажиллан 9 сараас эхлэн 117 км замыг хучсан. Ирэх жилийн өдийд 100 гаруй км замыг хучиж, 5 см-ийн хучилтыг 10 см болгож зузаатган 4 эгнээ зам бүрэн ашиглалтанд орно. Дархан-Улаанбаатарыг холбосноор бидний ажил дуусахгүй. Цаашид Алтанбулаг, Замын-Үүдийг хурдны, хүнд даацын автозамаар холбож Замын-Үүдийн болон ОХУ-ын хоорондох тээвэрлэлт, түгжрэл бөөгнөрлийг шийднэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
ВИДЕО: