АИФО (Associazine italiana Amici Di Raoul Follereau) байгууллага нь ДЭМБ-ын дэмжлэгээр
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ” багц гарын авлагыг орон нутагт суурьшуулах туршилтын төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөлд 8 аймаг, 4 дүүрэг хамрагдаж байгаагийн нэг нь Ховд аймаг.
Туршилтын төслийг орон нутагт нутагшуулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарын удирдлагуудыг оролцуулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх нь” сургалтыг зохион байгууллаа.
Өнөөгийн байдлаар дэлхийн хүн амын 15 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг гэсэн мэдээлэл бий. Энэ тоо нь халдварт бус өвчин, насжилт, зам тээврийн осол, зөрчил мөргөлдөөний улмаас гэмтэх зэргээс шалтгаалан тасралтгүй нэмэгддэг байна.
Манай аймагт хөгжлийн бэрхшээлтэй 3000 орчим иргэн байгаа нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж байна. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд өнөөгийн байдлаа үнэлж дүгнэх, цаашид нийгмийн хөгжилтэй уялдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад энэхүү сургалтын 7 багц гарын авлагыг нутагшуулах эхлэлийг тавьснаараа ач холбогдолтой юм.
Энэхүү сургалтыг зохион байгуулснаараа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гарын авлагын талаар ойлголттой болж байна. Цаашид үйл ажиллагаандаа багцыг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэх боломж, нөхцлийг судлан хэрэгжүүлэхэд үр дүнгээ өгнө гэж үзэж байна.
ВИДЕО: