Сайд З.Мэндсайхан Булган, Сэлэнгэ аймагт ажиллажээ



Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, ахлах шинжээч Б.Одонхүү, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Монголын тариаланчдын үндэсний холбооны төлөөлөл хамтарсан баг томилолтын хоёр дахь өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр, Сэлэнгэ сум, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллалаа.



Булган аймгийн Хишиг-Өндөр суманд техникийн дундын үйлчилгээг бий болгоход тохиромжтой 

Булган аймаг энэ жил 40 мянган га-д улаанбуудай, 8500 га-д тосны ургамал, 1800 га-д малын тэжээл, 370 га-д жимс жимсгэнэ тариалжээ. Улаанбуудайн болц сайн, аарцан болцны шатандаа байна. Аймгийн хэмжээнд 220 га-д хүнсний ногоо тариалах төлөвлөгөөтэй байсан ч 140 га-р нэмэгдүүлж, нийт 363 га талбайд тариалсан байна. Тус суманд орон нутгийн онцлогт тохирсон 10 төрлийн сортыг амжилттай туршиж байгаа юм.  Тариалан эрхлэх таатай нөхцөл, бүх талын боломж бий хэдий ч тоног төхөөрөмж дутагдалтай байгааг тариаланчид хэлж байлаа. Байрлалын хувьд Хишиг-Өндөр суманд дундын техник үйлчилгээг бий болгох нь хамгийн тохиромжтой тул ямар боломж шийдэл байгаа талаар томилолтын баг тариаланчидтай ярилцаж, санал солилцлоо.



Булган аймагт хүнсний ногооны тариалалт 140 га-гаар нэмэгджээ 

Сайд З.Мэндсайхан Булган аймгийн Сэлэнгэ сумын тариаланчидтай уулзах үеэрээ хаврын тариалалт, намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангахтай холбоотойгоор Засгийн газраас ямар бодлого шийдвэр гарган хэрэгжүүлж байгааг танилцууллаа. Төр засгаас гаргасан шийдвэр орон нутагт, яг хөрсөн дээрээ төдийлөн сайн хэрэгжихгүй байгааг тариаланчид хэлж байв. Тухайлбал, гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олголт, энэ намрын улаанбуудайн үнэ өртөг, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, тариалан эрхлэх газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо. 
Хөнгөлөлттэй зээлийн тухайд 8-р сарын 1-ний байдлаар хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 27 тэрбум, газар тариалан эрхлэгчдэд 70 тэрбум төгрөгийн зээл олгосон. Гүйцэтгэл чамлахааргүй байгаа ч зээл яг эздэдээ хүрч байгаа эсэхийг нягтлах шаардлагатайг тариаланчид анхааруулж байсан юм. 
Хэдийгээр тариаланчид, төр засаг гээд бүх л шатандаа амаргүй цаг үед ажиллаж байгаа ч харилцан ойлголцож, нэгдсэн зорилго чиглэлтэй байх нь чухал болохыг сайд З.Мэндсайхан тодотгож байлаа. 



Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум улсын нийт ургацын 10 гаруй хувийг дангаар үйлдвэрлэдэг 

Газар тариалан өндөр хөгжсөн Цагааннуур сум нийт 53 мянган га эргэлтийн талбайтай, улсын нийт ургацын 10 гаруй хувийг дангаар үйлдвэрлэдэг. Энэ жил нийт 38.6 мянган га-д үр тариа, тосны ургамал, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалжээ. 
Томилолтын баг буудайн үнэ, борлуулалт, лабораторийн шинжилгээ, ажиллах хүчин, тариан талбайг хашаажуулах, салбарт шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, буудайн үр үйлдвэрлэл, гурилын үйлдвэрлэл болон экспортын боломж, хөнгөлөлттэй зээл олголтыг тогтворжуулах, хүнсний ногооны агуулах, борлуулалт зэрэг өргөн хүрээнд ярилцаж, харилцан санал солилцлоо.

ВИДЕО:







Эх сурвалж: ХХААХҮЯам
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ