Ховд аймгийн нутаг дэвсгэрт 2017 онд хийсэн судалгаагаар 2000 гаруй тоо толгой аргаль бүртгэгдсэн байна. Ихэвчлэн Мөст, Дуут, Алтай, Цэцэг, Мөнххайрхан сумын нутагт аргаль хонь, янгир ямаа нутаглах бөгөөд мэргэжлийн байгууллагаас хуулийн дагуу, тусгай зөвшөөрлөөр агнуулдаг аж. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар 10 гаруй угалз, 25-30 орчим тэх агнах тусгай зөвшөөрөл олгодог байна.
Ташрамд, Монгол улс, ОХУ Алтайн аргаль хонийг хамгаалах урт хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсний үр дүнд аргалийн тоо толгой жилээс жилд улам өссөөр байна.
"2021 онд хийсэн тооллогоор Баян-Өлгий, Увс аймгийн хил орчмын нутаг дэвсгэрт 4095 бодгаль аргаль тоологдсон.
Энэ нь 2019 оны тооллогын дүнтэй харьцуулахад хил орчмын Монголын талын аргалийн тоо 675 бодгалиар өсжээ” хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангийн “WWF Mongolia” цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.