Баруун бүсийн аймгуудад өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй



Хур бороо бага, гандуу байгаагаас баруун бүсийн аймгуудад зуншлага дунджаас доогуур үнэлгээтэй байна. Бэлтгэл ажлыг эртнээс сайтар хангахгүй бол өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй. Тиймээс Монгол улсын Засгийн газар, салбарын яамнаас онцгой анхаарч 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын бүсийн зөвлөгөөнийг өнөөдөр /2022.07.28/ Ховд аймагт зохион байгууллаа.



Зөвлөгөөнд Ховд, Увс, Завхан, Говь-алтай, Баян-Өлгий аймгийн удирдлагууд, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газар зэрэг чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр аймаг бүр зуншлагын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл хийсэн байна. Болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж аймаг бүр тодорхой ажил төлөвлөжээ. Тухайлбал, Ховд аймаг тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлж малчин өрх бүрийг шаардлагатай өвс тэжээлээ эртнээс бэлтгэн нөөцлөх чиглэлийг өгсөн байна. Тэгвэл Увс аймаг тодорхой тооны малыг эдийн засгийн эргэлтэд оруулах бол Баян-Өлгий, Завхан аймгууд малчдаа отор нүүдэл хийж малаа тарга тэвээрэг авхуулахад зөвлөмж өгч ажиллаж байна. 



Зөвлөгөөнд оролцогчдод ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуйн салбарт Засгийн газар болон салбарын яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогыг танилцуулж, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаар зөвлөлдөж, таван аймгийн холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөв.



Тухайлбал: 

-Малын гоц халдварт өвчний эрсдэл өндөр, малын тоо толгойн хэт өсөлт, бэлчээрийн даац багтаамж жилээс жилд багасаж байгаа тул 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангах, 

-Зуншлага тааруу байгаа аймаг, сумдын отор нүүдлийн судалгааг гаргаж, мал эмнэлгийн халдварт өвчний тархвар зүйн судалгаатай уялдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан малын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулах, 

-Аймаг бүр намрын ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллахыг сануулав.

ВИДЕО:










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ