Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн БОАЖГ-ын дарга Л.Батбаяр болон холбогдох мэргэжилтнүүд усны сав газруудад хамрагдах гол горхи, булаг шанд, нуур тойромтой газар дээр нь танилцаж, Ховд аймагт ажиллаж байгаа ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын мэргэжилтнүүдтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди усны сав газруудад хамрагдах гол горхи, булаг шанд, нуур тойромтой холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд бодлогын түвшинд гарсан баримт бичиг болон аймгийн ГХУСАЗСЗ-ийн дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж мэдээлэл хүргэв.
Мөн аймгийн БОАЖГ, Жаргалант сум, Дэлхийн байгаль хамгаалах сангийн холбогдох мэргэжилтнүүд сүүлийн 3 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээнүүд, саад бэрхшээл, анхаарах асуудлууд, үр дүнгийн талаарх мэдээллийг ажлын хэсгийнхэнд танилцууллаа.
Тус ажлын хэсэг манай аймгийн гол мөрөн, булаг шанд, нуур тойрмын орчмын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллах юм.
Ховд аймгийн Жаргалант сумын айл өрхүүд Буянт голоо даган зусланд гардаг онцлогтой. Иймээс Буянт голын зусланд гарч байгаа айл өрхүүдэд чиглэн сүүлийн 3 жилийн хугацаанд холбогдох байгууллагууд хамтран “Буянт голын хүүхдүүд” арга хэмжээг явуулж, нөлөөллийн ажлуудыг хийж байна.
Арга хэмжээний хүрээнд зуслангийн айл өрхүүдийг ХОРЬТ-ын зохион байгуулалтад оруулж /20 айлыг нэг ХОРЬТ болгож/ хог хаягдалгүй, зөрчилгүй зусах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зуслангийн айлуудын ая тухтай амьдрах орчныг сайжруулах, соён гэгээрүүлэх ажлуудыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулан ажиллаж байна.