МУ-ын ЗГ, Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр суурилуулсан хамгийн сүүлийн үеийн технологийн шинэчлэлтэй программ хангамж бүхий олон үйлдэлтэй
“Ангиографийн оношилгоо”-ны тоног төхөөрөмжийг ашиглахад бэлэн болж, өнөөдөр /2022.06.27/ нээлтээ хийлээ.
Улсын хэмжээнд 3 хүн тутмын нэг нь тархи, зүрхний шигдээсээр, 6 хүн тутмын нэг нь хавдраар өвддөг гэсэн судалгаа бий. Иймээс чимээгүй тахал гэж нэрлэгдэх энэ төрлийн өвчлөлийн эрсдэлийг бууруулах, орон нутгаас Улаанбаатар руу зорих иргэдийн урсгалыг багасгаж, орон нутагтаа оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү төхөөрөмжийг суурилуулжээ.
Орон нутагт энэ төрлийн тоног төхөөрөмжийг ашиглаж эхэлсэнтэй холбогдуулан 1,2,3 дугаар эмнэлгийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж, үйл ажиллагааг нь тогтвортой байлгахын тулд мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.
Мөн Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч, Шинжлэх ухааны доктор профессор, Н.Баасанжав, МУ-ын хүний гавьяат эмч З.Лхагвасүрэн, Улсын 3 дугаар эмнэлгийн захирал, МУ-ын хүний гавьяат эмч Ц.Төмөр-Очир нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 27-29-ний өдрүүдэд зүрхний хагалгаа, доод мөчдийн судасны бүдүүрэл, бөөр, судасны нарийсал, цүлхэн, хавдар, судасны эмгэг сүлжээрэл, гэмтэл, судасны бөглөрөл, судас хагарах, тархи, элэгний хавдрын судас бөглөрөх гэх мэт ангиографийн оношилгоо, эмчилгээний мэс ажилбаруудыг хийх юм.
Ангиографийн судсан дотуурх оношилгоо, эмчилгээний чиглэлээр нэг техникч, нэг сувилагчийг бэлтгэж, мэргэшүүлсэн бол одоогийн байдлаар төрийн сангийн захиалгаар 2 эмчийг гуравдугаар эмнэлэг дээр сургаж, дадлагажуулж байгаа аж. Ангиографийн шинжилгээ гэдэг нь судсанд тодосгогч бодис шахаж, судасны хэмжээ байрлал, голч, ханын байдал, судасны төрөлхийн болон олдмол эмгэг өөрчлөлтүүдийг үнэлж оношилдог дүрс оношилгооны шинжилгээний арга юм.