Монгол ардын өв соёл, тоглоом наадгайг өвлөн тээгч, түгээн дэлгэрүүлэгч Д.Чулуунбаатар гуай "Өв соёл, тоглоом наадгайн төв" бий болгож, нээлтээ хийлээ.Монгол үндэсний тоглоом наадгайг судлах, сурталчлах, байнгын хэрэглээг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буй хүмүүсийн нэг бол Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Д.Чулуунбаатар. Тэрбээр 2009 оноос эхлэн Монголын уламжлалт тоглоом наадгайг цуглуулж, судалж, түгээн дэлгэрүүлж яваа.Түүний энэ удаа санаачилсан "Өв соёл, тоглоом наадгайн төв" нь Ховд аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ард, Буянт голын дэргэд үйл ажиллагаа явуулах бөгөөд зуны турш хүүхэд багачууд, өсвөр, залуу үеийнхэн монгол өв соёлтой танилцаж, тоглоом наадгайгаар тоглох боломж бүрдүүлснээрээ онцлогтой. Энэ төвд хөлөгт болон оньсон тоглоом, шагайн наадгай гээд 60 гаруй нэр төрлийн уламжлалт тоглоом наадгай бий. Эдгээр тоглоом наадгайг эсгий, мод, төмөр ашиглан хийсэн бөгөөд шагай, байгалийн чулуу оролцуулан тоглодог аж. Ингэхдээ ямар аргачлалаар, хэрхэн тоглох талаар өсвөр, залуу үеийнхэнд зааж, сургах бөгөөд цаашид мөн гурван сарын хугацаанд монголын уламжлалт тоглоом наадгайг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг шат дараатай өрнүүлэх зорилт дэвшүүлжээ. Судлаачдын хэлж байгаагаар монгол наадгай оюуны чадамж төдийгүй бие бялдарт нөлөөлдөг. Монгол тоглоом наадгайгаар дамжуулан хүүхдийн оюун санааг хөгжүүлэх, улмаар тогтвортой сууж сургах, зөв дадал зуршилтай болгох боломжтой аж. Огноо: 6/21/2022 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 827 Мэдээ таалагдсан: