Монгол улсын зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах болон Олон үндэстний цэргийн ажиллагаанд цэргээ илгээж эхэлсний 20 жилийн ой тохиож байна.
Энэхүү арга хэмжээг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн болон Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн хугацаат цэргийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх, Зэвсэгт хүчний Энхийг сахиулах ажиллагааг сурталчлах, тэдний түүхэн амжилт, гавьяаг олон нийтэд таниулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2022.06.03/ Ард Аюушийн талбайд боллоо.
Арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б. Дүгэржав, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч, хурандаа Х. Энхболд болон албаны төлөөлөл оролцож, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагч, энхийг сахиулагч нарт мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол улсын зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 20356 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Үүнээс Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас давхардсан тоогоор 420 цэргийн алба хаагч дэлхийн 3 тивийн 10 гаруй улсад үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн байна. Өнөөдрийн байдлаар тус ангиас офицер-3, ахлагч-19, Гэрээт цэргийн алба хаагч-3, нийт 25 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.