Аймгийн ИТХ-ын
“ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨР” арга хэмжээ аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-ын дэргэдэх хүүхдийн
“БАЯНБУЛАГ” зуслан дээр өнөөдөр /2022.05.20/ боллоо.
“ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨР” арга хэмжээний хөтөлбөрийн дагуу төлөөлөгчид зуслангийн үйл ажиллагаа, барилга байгууламжуудын нөхцөл байдалтай танилцсан юм.
Үүний дараагаар аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Баяртуяа “Ховд аймгийн хүүхдийн “БАЯНБУЛАГ” зуслангийн танилцуулга, үйл ажиллагааны төлөвлөлтийн талаар мэдээлэл хийж, төлөөлөгчдийн асуултад хариулав.
Хүүхдийн “БАЯНБУЛАГ” зуслан нь Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт Алтайн уулархаг бүс болох Хөх сэрхийн нурууны бэлд оршдог. Аймгийн төвөөс 30 км-т байрладаг.
Анх 1982 онд МҮЭ-ийн төв зөвлөлийн хөрөнгөөр баригдаж, нэг ээлжинд 200 хүүхэд, жилд 6 ээлжээр 1200 хүүхэд хүлээн авч амруулах хүчин чадалтайгаар ашиглалтад орж тасралтгүй 27 жил үйл ажиллагаагаа явуулж байжээ.
Улмаар Төрийн өмчийн хорооны 2004 оны 180 тоот тушаал, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2004 оны 65 тоот тогтоолоор менежментийн гэрээгээр, 2006 оны 6 сарын 1-нээс эхлэн аймгийн Хүүхдийн Төлөө Төв харьяандаа ажиллуулж байгаад 2007 оноос үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Аймаг, орон нутгийн зүгээс Баянбулаг хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг явуулахын тулд дараах урсгал засварын ажлууд хийгдсэн байна. Үүнд:
-2014 онд улсын төсвөөс 200.0 сая төгрөг “БУЯНТЫН БОРГИО” ХХК /Ундраа бүлгийн 50 хүүхдийн амралтын байр, соёлын төв, захиргаа аж ахуйн байр, эмнэлэг, гал тогоо зэрэг байшин барилгын засвар/
-2014 онд орон нутгийн хөгжлийн сангаас 100.0 сая төгрөг /Зуслангийн дотоод тоног төхөөрөмжийг шинэчилсэн, “Уян дөш” ХХК тавилга зөөлөн эдлэл 42,961,600, “Ундрам алт” ХХК гал тогооны тоног төхөөрөмж материал 54,630,436/
-2019 онд 1989 онд төгсөгчдийн хандив тусламжаар-60 сая төгрөг /”Тэмүүлэл” “Туяа” бүлгийн байр засварлаж, 80 ширхэг ор, хөнжил гудас, цагаан хэрэгсэл шинэчилсэн/
-2020 онд ЗГХА- ГБХЗХГ-т хүсэлт тавьж 20сая төгрөгийн дэмжлэг авч “Буянт тэгш үйлс” ХХК- /Монгол гэр 6 ханатай 4,200,000 ор хөнжил гудас хөнжлийн даавуу 16,547,000/
-2020 онд улсын төсвөөс-85,179,053-/Шандны ус” ХХК-Туяа бүлгийн засвар, дээврээс бусад /
-2020 онд орон нутгийн төсвөөс 15,000,000 - /Сая хүч ХХК-Төмөр сараалж хашаа/
-2021 онд орон нутгийн төсвөөс 10,000,000 - /Шадар удам ХХК Туяа бүлгийн дээврийн засвар/-ыг тус тус хийсэн байна.
Гэвч тогтмол үйл ажиллагаагаа явуулахгүй байгаагаас үүдэн цаг хугацааны хувьд элэгдэл, хорогдол их байгаа учраас зуслангийн үйл ажиллагааг явуулахад олон хүндрэл учирч байгааг салбарын удирдлага, мэргэжилтнүүд онцолж байлаа.
Мөн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэхэд мэргэжлийн байгууллагуудаас гаргасан дүгнэлтийн дагуу хийгдэх ёстой ажлуудыг яаралтай хийж, шаардлагатай санхүүгийн асуудлуудыг аймгийн ИТХ-аар хэлэлцэн дэмжих талаар ГБХЗХГ-аас саналаа төлөөлөгчдөд уламжиллаа.
Харин төлөөлөгчдийн тухайд зуслангаа ажиллуулахыг дэмжинэ гэдгээ илэрхийлээд салбарын байгууллагын зүгээс чанар стандарт, хариуцлагаа сайжруулж, өмнөх жилүүдэд хийгдсэн үр ашиггүй, үр дүнгүй засвар, ажиллагааны доголдолтой, ямар ч хэрэгцээгүй ажиллагаагүй тоног төхөөрөмж нийлүүлсэн компаниудыг шүүхэд өгч хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллах, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд тусгагдсан хийж, засах ёстой ажлуудыг хийх, гадна талбайн тохижилтод өөрсдийн байгууллагын нөөц боломждоо тулгуурлан хийх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амраах асуудалд гол анхаарлаа хандуулж, тооцоо судалгаа, төлөвлөгөөгөө нарийвчлан гаргах талаар саналуудыг хэлж, холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгосон юм.
ВИДЕО: