Залуу тариаланч Н.Эрдэнэбаярын гэр бүл зуны хүлэмжийн анхны ургацаа хурааж эхэллээ



Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Н.Эрдэнэбаяр, Ж.Энхзаяа нар сүүлийн зургаан жил газар тариалан эрхэлж байгаа залуу гэр бүл. Талбайн болон хүлэмжийн аж ахуйг хослуулж нийтдээ 18 нэр төрлийн хүнсний болон нарийн ногоо тариалдаг. Энэ жил гуравдугаар сарын нэгэнд зуны хүлэмжийн тариалалтаа эхлүүлжээ. Тэд энэ оны хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж шөлний байцаа, ногоон сонгинын анхны ургацаа авч байна. Дөрвөн жилийн өмнө 460мкв талбай бүхий хүлэмжтэй байсан бол одоо 1040мкв  болгон өргөжүүлжээ.



"Эрүүл хөрсөнд тарьж ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ард иргэдийнхээ хүнсний ногооны хэрэгцээг тасралтгүй хангахыг зорьж 1000мкв талбай бүхий өвлийн хүлэмж байгуулахаар бэлтгэлээ хангасан" гэж залуу тариаланчид ярилаа.



Эднийх зуны хүлэмждээ яншуй, бууцай, 2-3 төрлийн байцаа, ногоон сонгино тариалсан байна. Мөн 7 га талбайд суулгахаар нарийн ногооны 120 000 ширхэг үр үрслүүлжээ. Үүнээс гадна хотын гудамж, талбайд тарих цэцгийн 60000 үрсэлгээг бойжуулаад байна. Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр “Старт-ап”-д оролцож хүүгүй 10,0 сая төгрөгийн зээл авсныг эс тооцвол одоогоор төрөөс ямар нэгэн зээл, дэмжлэг аваагүй гэлээ.



Н.Эрдэнэбаяр, Ж.Энхзаяа нар өөрсдийн тарьж ургуулсан ногоогоо зах зээлд шууд нийлүүлэхийн зэрэгцээ “БҮЖИН” цехдээ дахин боловсруулдаг. Өөрөөр хэлбэл таван хүнийг байнгын харин хаврын тариалалт, намар ургац хураалтын үеэр давхардсан тоогоор 100-аад хүнийг түр ажлын байр хангадаг байна.

ВИДЕО:





Зорьж бас хичээж хөдөлмөрлөвөл боломж үргэлж байдаг гэдгийг энэ гэр бүлийн жишээ харуулж байна.

Дараах линкээр орж тариалалт болон бүтээгдэхүүний мэдээллийг авч болох нээ.

https://www.facebook.com/KhovdOrganicFood/



 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ