Дарви сумын Булаг багийн малчин Б.Даваа "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" боллоо



Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, олон жилийн хөдөлмөр зүтгэл, мал маллах арга туршлагаараа шалгаран “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” цол хүртэж буй энэ малчин бол Дарви сумын Булаг багийн малчин Батдэлгэрийн Даваагийн гэр бүл юм.

Б.Даваа, Д.Гүнжмядаг нар 2000 онд гэр бүл болж тэр цагаас хойш мал маллаж явна. Тэд хүүхэд ахуй насандаа аав ээжийгээ даган мал маллах арга ухаанд суралцжээ. "Өвөг дээдсийнхээ арга туршлага, өөрсдийн хамтын хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэл, нутгийн зон олон, ахан дүүсийн дэмжлэгийн үр дүнд өнөөдрийн энэхүү амжилтад хүрч байна" хэмээн аваргууд баяртай байна.



Малч удам тасардаггүй ээ. Аймгийн аварга малчин болсон Даваагийн аав Батдэлгэр агсан нь 1990 онд "Улсын аварга малчин" болж байсан туршлагатай малчдын нэг байжээ. Тэрээр тэмээ хариулж байгаад сүүлдээ таван хошуу мал өсгөн үржүүлж гурван ч хүүдээ мал маллах арга туршлагаа өвлүүлсний нэг нь Даваа юм. Бэлчээрийг хуваарьтай ашиглах, малаа чанаржуулах, малаас гарах ашиг шим, ноос ноолуурыг төлөвлөгөөний дагуу хугацаанд авах гээд одоо ч үлгэр жишээ болохуйц арвин туршлагатай малчин байсныг ахмад буурлууд нь дурсан ярьж байсан юм.



Б.Даваа, Д.Гүнжмядаг нар энэ хавар 400-аад төл хүлээн авч мал сүргээ өсгөжээ. 20 гаруй жил мал маллахдаа тоог нь нэмэгдүүлэхээс илүү чанаржуулахад ч анхаарч ирсэн байна. Тухайлбал, зэргэлдээх аймаг, сумдаас сайн үүлдрийн эцэг мал авч малаа чанаржуулж байгаа хэмээн ярилаа. 



ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ